УЛААНБААТАР–ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛД 100 КМ ТУТАМД ЦАХИЛГААН АВТО МАШИН ЦЭНЭГЛЭХ “НОГООН ӨРТӨӨ” БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд цахилгаан автомашины цэнэглэх дэд бүтцийг өргөжүүлэх “Ногоон өртөө” төслийг Улаанбаатар–Даланзадгад чиглэлд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд уг чиглэлийн дагуу 100 км тутамд нийт долоон байршилд цахилгаан автомашин цэнэглэх өртөө байгуулах төслийг хэрэгжүүлж байна.
Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд цэнэглэх өртөө байгуулахад тохиромжтой байршлыг тодорхойлох, аялал жуулчлал болон тээврийн хөдөлгөөний ачааллыг харгалзан үзэх, шаардлагатай дэд бүтцийн нөхцөлийг бүрдүүлэхэд орон нутгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм.
Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат холбогдох мэргэжилтнүүдийн хамт төслийг хэрэгжүүлж буй “Цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн хөтөлбөр”-ийн захирал Т.Оюунбаатарыг хүлээн авч уулзан, төслийн хэрэгжилт болон орон нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Н.Энхбат төслийг хэрэгжүүлэхэд орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлээд, Улаанбаатар–Даланзадгад чиглэлээс гадна аймгийн баруун бүсийн чиглэлд “Ногоон өртөө”-ний сүлжээг өргөжүүлэн байгуулах боломжийг судалж, хамтран ажиллах саналаа хүргүүлэв.
Цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх нь алслагдсан бүс нутгийн зорчих нөхцөлийг сайжруулах, аялал жуулчлалын хүртээмжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй тээврийн хэрэглээг дэмжихэд чиглэж байна.