НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ИРЭХ 5 ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ (CPD)-Д ӨМНӨГОВЬ АЙМГИЙН САНАЛ, ХЭРЭГЦЭЭГ ТУСГАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь дэлхийн олон улс оронд тогтвортой хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Монгол Улсад хэрэгжүүлэх дараагийн таван жилийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилтыг тодорхойлоход орон нутгийн бодит хэрэгцээ, иргэдийн санал, хувийн хэвшлийн оролцоог тусгах нь чухал ач холбогдолтой юм.
Энэ хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Лионел Лорон тэргүүтэй баг Өмнөговь аймагт ажиллаж, аймгийн удирдлага болон холбогдох байгууллагуудтай уулзалт хийж байна.
Аймгийн Засаг дарга Н.Энхбат болон ХХААГ, Байгаль орчны газар, эрчим хүчний салбарын холбогдох байгууллагуудын төлөөлөл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн багийг хүлээн авч уулзан, Өмнөговь аймгийн хөгжлийн онцлог, тулгамдсан асуудал, цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр говийн бүсийн байгаль орчны доройтол, цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар, нэмүү өртгийг дээшлүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг олон улсын зах зээлд гаргах боломжийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах санал, хэрэгцээг онцоллоо.
Уулзалт, хэлэлцүүлэгт орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллага, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бизнесийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага болон бусад салбарын төлөөллийг өргөнөөр хамруулж, Өмнөговь аймгийн хөгжлийн бодит хэрэгцээ, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн боломжийн талаарх санал, санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ирэх таван жилийн төлөвлөгөөнд тусгах чиглэлээр санал солилцож байна.