Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд болон “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай тэргүүтэй төлөөлөл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлийн явцтай танилцлаа.
Тус шугамын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсад анх удаа Өндөр даралтын булт нунтаглагч (HPGR) технологийг нэвтрүүлж байгаа бөгөөд энэ нь хүдрийн хатуулаг нэмэгдэж, металлын агуулга буурч буй нөхцөлд хүдэр боловсруулах үр ашгийг хадгалах, үйлдвэрлэлийн зардлыг бууруулахад чиглэж байна.
2025 онд “Эрдэнэт үйлдвэр” жилд 40 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, 56 жилийн ашиглалтын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Үүнд тулгуурлан үйлдвэрийн техник, технологийн өргөтгөл шинэчлэлийн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэл ашиглалтад орсноор хүдэр боловсруулалтыг жилд 40 сая тоннд тогтвортой барих, цахилгаан эрчим хүч, хуяг, ган бөөрөнцөг зэрэг хувьсах зардлыг бууруулах, хүдэр боловсруулах өөрийн өртгийг бууруулах боломж бүрдэх юм.
Төслийн хэрэгжилт нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахын зэрэгцээ урт хугацаанд бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх технологийн шинэчлэлийн нэг хэсэг болж байна. Мөн “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн зүгээс үндэсний стратегийн ач холбогдол бүхий компаниудын үнэ цэнэ, үр ашгийг нэмэгдүүлэх, хөгжлийн төслүүдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна.