“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026” АЯНЫ НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО
“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг жил бүр улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж, иргэд, хүүхэд, залуучуудад хуримтлалын ач холбогдлыг таниулах, санхүүгийн зөв дадал, хариуцлагатай хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилгоор олон талт арга хэмжээг зохион байгуулдаг.
Энэ жилийн “Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяны улсын хэмжээний нээлтийн арга хэмжээг Өмнөговь аймагт зохион байгууллаа.
Аяны нээлтийн арга хэмжээг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголбанк, арилжааны банкууд хамтран зохион байгуулж, санхүүгийн боловсрол, хуримтлалын ач холбогдлын талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх сонирхолтой ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг өргөнөөр хамрууллаа.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Ариунболд, Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Капитрон банкны Гүйцэтгэх захирал Э.Төрболд болон банк, санхүүгийн салбарын төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээний үеэр сурагчдад хуримтлалын ач холбогдол, санхүүгийн зөв дадал, мөнгөний зөв зохистой хэрэглээний талаарх сонирхолтой илтгэл, сургалт зохион байгуулж, олж авсан мэдлэгээ бататгах зорилгоор танин мэдэхүйн тэмцээн, уралдааныг явууллаа.
Тэмцээн, уралдаанд амжилттай оролцож, тэргүүлсэн сурагчдад "Хадгаламжийн эрхийн бичиг" гардуулж, хүүхэд багачуудыг багаас нь санхүүгийн зөв дадалд сургах, хуримтлалын соёлыг төлөвшүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.
Ийнхүү “Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяны нээлт Өмнөговь аймагт зохион байгуулагдаж, хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, зөв хуримтлалын дадлыг хэвшүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээ үргэлжилж байна.