“WorldSkills Shanghai 2026” дэлхийн ур чадварын уралдаан амжилттай зохион байгуулагдаж, дэлхийн 80 гаруй орны 2,000 гаруй албан ёсны төлөөлөгч, 50 гаруй орны сайд, холбогдох албаны төлөөлөл оролцож, 64 мэргэжлийн төрөлд 1,400 орчим оролцогч ур чадвараараа өрсөлдлөө.
Тус уралдаанд Монгол Улсаа төлөөлөн 12 залуу мэргэжилтэн оролцож, 68 орны шилдэг оролцогчидтой мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдсөн байна.
Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллежийн гурван суралцагч оролцож, өндөр амжилт үзүүллээ.
“Гагнуур” мэргэжлийн төрөлд оролцогч Г.Номин 688 оноо,
“CNC токарь” мэргэжлийн төрөлд оролцогч С.Эрхэмбилэг 684 оноо,
“Хэвлэлийн график дизайн” мэргэжлийн төрөлд оролцогч Ц.Индра 680 оноо тус тус авчээ.
“BEST OF NATION” – ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ
Энэ удаагийн “Best of Nation” медалийн эзнээр Монгол Улсыг төлөөлөн “Гагнуур” мэргэжлийн төрөлд оролцсон, ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллежийн суралцагч Г.Номин 688 оноогоор шалгарлаа.
Мөн тэмцээнд ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллежийн багш, удирдах ажилтны 12 хүний бүрэлдэхүүн албан ёсны ажиглагчаар оролцож, суралцагчдаа дэмжин ажиллахын зэрэгцээ дэлхийн хэмжээнд мэргэжлийн ур чадвар, сургалтын шинэ арга технологийн хөгжлийн чиг хандлагатай танилцаж, туршлага судаллаа.
Тэмцээн нь ойролцоогоор 50,000 м² талбайд 12 хэсэгтэйгээр зохион байгуулагдаж, 300 орчим үзэсгэлэн, туршлагын хэсэг болон 100 гаруй интерактив үйл ажиллагааг багтаасан байна.
Энэ жилийн онцлог нь зочид мэргэжлийн ур чадвар, шинэ технологитой танилцахаас гадна “Try-a-Skill” хэсгүүдэд мэргэжлийн ур чадварыг өөрсдөө туршин үзэх боломж бүрдсэн явдал байлаа.
Дэлхийн тавцанд гарч, улс орнуудын шилдэг оролцогчидтой ур чадвараа сорин өрсөлдөж, үнэтэй туршлага хуримтлуулсан нь Өмнөговь Политехник коллежийн суралцагчид, багш, удирдах ажилтнуудын хувьд томоохон амжилт юм.
Говийн ур чадвар дэлхийд үнэлэгдэж, Монголын нэрийг дэлхийн тавцанд өргөсөн нийт оролцогчдодоо баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!