“Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын эв санааны нэгдлийг хангах олон улсын форум” Улаанбаатар хотноо эхэллээ
Форумын нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус, хүн амын эрүүл мэнд, халдварт өвчний тархалт, хүнсний аюулгүй байдалд шууд нөлөөлж буй нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болохыг онцоллоо.
Энэ хүрээнд Монгол Улсын санаачилгаар 2018 оноос зохион байгуулж буй “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдаж байна
Дэлхийн сүрьеэгийн шинэ тохиолдлын 60 гаруй хувь Ази тивд бүртгэгддэг. Монгол Улс сүрьеэгийн дарамт өндөртэй орны хувьд эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг анхан шатны тусламж үйлчилгээтэй уялдуулан бэхжүүлж байна.
Уур амьсгалын өөрчлөлт, халдварт өвчин, хүнсний аюулгүй байдал зэрэг хил хязгаар үл харгалзан нөлөөлдөг эрсдэлийг нэг улс дангаараа шийдвэрлэх боломжгүй. Тиймээс Азийн улс орнууд харилцан туршлага, шинжлэх ухааны ололт, мэдээлэл, технологио хуваалцаж, эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх нь нэн чухал юм.
Мөн хүний эрүүл мэнд, мал амьтны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, байгаль орчныг цогцоор нь авч үзэх “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг бүс нутгийн хамтын ажиллагаагаар бэхжүүлэх шаардлагатай байна.
Эрүүл мэндийн эрсдэл хил хязгааргүй.
Тиймээс бидний хариу арга хэмжээ ч хамтын байх ёстой