ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААС 15 СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ ЦАХИМ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аймгийн Засаг дарга болон удирдлагын зөвлөл 15 сумын Засаг дарга, төрийн албан хаагчид, боловсролын байгууллагын удирдлагуудтай цахим хуралдаан зохион байгууллаа.
Хуралдаанаар сум, орон нутагт хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, төрийн үйлчилгээ, хүний нөөц, өвөлжилтийн бэлтгэл ажил, боловсролын салбарын бодлого, жижиг, дунд үйлдвэрлэл болон бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг асуудлыг хэлэлцэж, цаашид анхаарч ажиллах чиглэл, үүргийг өглөө.
Тухайлбал:
Бүтээн байгуулалтын чанар, хөрөнгө оруулалт: Сумдад хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын чанар, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, цаашид шинээр хэрэгжүүлэх төслүүдийн хэрэгцээ, шаардлагыг эрэмбэлэн хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөх;
Боловсрол, хүүхдийн аюулгүй байдал: Хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, сургалтын чанар, хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарах;
Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх: Малын гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, хэрэгжүүлж буй халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх;
Төрийн үйлчилгээ, хүний нөөц: Төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулж, хүний нөөцийн дутагдлыг нөхөн бүрдүүлэхийн зэрэгцээ шинээр томилогдсон албан хаагчдыг сургаж, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх. Мөн төрийн албан хаагчид ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллах;
Төсөв, орлого бүрдүүлэлт: Улс болон аймгийн төсвийн нөхцөл байдалтай уялдуулан орлого бүрдүүлэлтэд анхаарч, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах;
Аялал жуулчлал: Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх аймгийн бодлоготой уялдуулан сумдын аялал жуулчлалын орчин, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, ирсэн жуулчдад тав тухтай орчин бүрдүүлэхэд анхаарах. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, хамтран ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.
Мөн цахим хуралдааны үеэр сумдын төрийн албан хаагчдын санал, хүсэлт, асуултыг сонсож, холбогдох асуудлаар хариулт, зөвлөмж өглөө.