“ГОВИЙН ОЮУ – ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ОЮУТНУУДЫН 85 ХУВЬ НЬ ОРОН НУТАГТАА АЖИЛЛАЖ БАЙНА
Өмнөговь аймаг, “Оюу толгой” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн оюутнуудын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, мэргэжил эзэмшин төгсөөд нутагтаа ажиллах боломжийг дэмжих зорилготой “Говийн Оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөр 11 дэх жилдээ хэрэгжиж байна.
2026–2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрт 17 төрлийн мэргэжлээр суралцаж буй 79 оюутан шалгарч батламжаа гардан авлаа. Тэдний дунд 2–5 жил дараалан хамрагдаж, сургалтын амжилтаа ахиулан суралцаж буй оюутнууд цөөнгүй бий.
Өнгөрсөн хугацаанд тэтгэлэгт хамрагдан их, дээд сургууль төгссөн оюутнуудын 85 хувь нь Өмнөговь аймагтаа эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна. Ингэснээр орон нутагт нэн шаардлагатай байгаа хүний нөөцийг бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулж, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ, уул уурхай болон бусад салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байна.
Энэ хичээлийн жилд тэтгэлэгт хөтөлбөрт эмч мэргэжлээр 13, мэдээллийн системийн чиглэлээр 12, инженерийн чиглэлээр 10, эм зүйч 9, багш 7, аялал жуулчлалын менежмент болон уул уурхайн технологийн чиглэлээр тус бүр 5 оюутан, түүнчлэн сэтгэл зүй, нийгмийн ажил, соёл урлаг, байгаль орчин, хөдөө аж ахуй, дизайн, геодези, хоол зүй, архитектурын чиглэлээр суралцаж буй оюутнууд шалгарсан байна. Өнөөг хүртэл “Оюу толгой” компани давхардсан тоогоор 1,454 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон байна.