ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРЧӨДӨР СЭРГЭЛЭН СУМЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
Өнөөдөр 09 дүгээр сарын 01-ний өдөр. Төв сайхан нутгийн ирээдүй болсон хүүхэд багачууд эрдэмтэн багш нартайгаа уулзсан, эрдмийн их өргөөндөө шинэхэн мөрөөдөл, хүсэл зорилгоо өвөрлөн ирсэн баярт өдөр. Энэ хичээлийн жилд Сэргэлэн сумын Ерөнхий боловсролын сургууль 376 сурагч, 31 багш, ажилтантайгаар хичээл, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Харин “Алтантүлхүүр” цэцэрлэг 100 гаруй хүүхдэд, салбар цэцэрлэгтээ 40 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгохоор хичээлийн жилээ эхлүүлж, нээлтийн арга хэмжээгээ зохион байгууллаа.
Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ц.Туваан аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр нар оролцож, сумандаа сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролоо эзэмших хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг онцлоод, нийт багш ажилчдад ажлын их амжилт, сурагчдад сурлага, урлаг, спортын амжилт хүслээ.
2026–2027 оны хичээлийн жил нь боловсролын чанарыг ахиулж, тэгш бус байдлыг бууруулах зорилгоор “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаагаараа онцлог жил юм.