Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-28-нд болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-гийн хоёр дахь долоо хоног наймдугаар сарын сарын 24-нд Санхүүжилтийн өдрөөр эхэлж, энэ өдөр талууд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэд хэдэн яриа хэлэлцээ өрнөж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зарим санхүүжилтийн боломжийг зарлалаа.
Тухайлбал, бага хурлыг зохион байгуулагч Монгол Улсын Засгийн газраас ногоон санхүүжилтийн хоёр том түншлэлийг эхлүүлснээ зарлалаа.
Энэ нь Монгол Улс Европын Хөрөнгө Оруулалтын Банк болон Дэлхийн Банк групптэй байгаль хамгаалал, газрын нөхөн сэргээлт, тогтвортой эдийн засгийг дэмжих хоёр чухал түншлэлийг эхлүүлсэн явдал байв.
Эхнийг нь 200 сая евро хүртэл санхүүжилт авах боломжтой Ойн тогтвортой менежментийн хөтөлбөрийг Европын Хөрөнгө Оруулалтын Банктай хамтран хэрэгжүүлэх тухай хэлэлцээ. Монгол Улс ой, доройтсон газрын нөхөн сэргээлт, био эдийн засаг, орон нутгийн ажлын байрыг дэмжихэд зориулж Европын Хөрөнгө Оруулалтын Банкнаас 200 сая хүртэлх еврогийн санхүүжилтийг бүрдүүлэхээр зорьж байна.
Хоёр дахь нь 100 сая ам.долларын санхүүжилт бүрдүүлэх боломжтой SMILE хөтөлбөр юм. Монгол Улс Дэлхийн Банк групптэй хамтран хэрэгжүүлэх SMILE хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.долларын холимог санхүүжилтийг бүрдүүлж, газрын доройтлыг бууруулах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх эхний тохиолцоонд хүрлээ.
Энэ мэтээр COP17-гийн хүрээнд бодлогын зорилтыг бодит хөрөнгө оруулалт, газрын нөхөн сэргээлт, орон нутгийн хөгжилтэй холбосон санхүүжилтийн түншлэлүүд наймдугаар сарын 24-нд болсон Санхүүжилтийн өдрөөр эхэллээ.
Засгийн газрын хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцдаг Шадар сайд Т.Доржханд СОР17 хурлын Санхүүжилтийн өдөр хэлсэн үгэндээ, Дэлхий даяар 355 тэрбум ам.долларыг жил бүр газрын доройтол, хөрсний бохирдол, цөлжилтийн эсрэг зарцуулах амлалт өгдөг ч жилд босдог мөнгө нь 77 тэрбум ам.доллар байдаг. Цаана нь 270 орчим тэрбум ам.долларын санхүүжилт дутуу явсаар ирсэн. Цаашдаа ингэж амлаад яваад байх уу, ажил хийх үү гэдэг нь асуудал болсон.
Ажил хийнэ гэвэл бодит санхүүжилт хэрэгтэй. Бид СОР17 хурлыг бодит санхүүжилтийн талбар болгохыг зорьж байна. Энэ удаагийн СОР17 хурлын үеэр дэлхийн 130 орчим улсын Байгаль орчны сайд нар, Олон улсын байгууллагуудын тэргүүнүүд 1.3 тэрбум ам.долларын санхүүжилт хийе гэсэн амлалт өглөө. Гэхдээ олон улсын байгууллагууд санхүүжилт гаргаж, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл тусламж гаргахаа ярилцаж байгаа ч дүн эцэслэгдээгүй байна. Хувийн секторууд мөн санхүүжилтээ ярилцаж байна. Монголчуудын хувьд цөлжилтийн эсрэг идэвхтэй байж, олон улсын томоохон хурлыг эх орондоо зохион байгуулаад зогсохгүй, өөрсдийн санаачлан дэвшүүлж буй "Тал хээрийн төлөвлөгөө"-ндөө талуудын дэмжлэгийг авч чадлаа гэв.
Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтын сайд бөгөөд СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо үргэлжилж, дэлхийн 196 улс болон Европын Холбооны төлөөлөгчид газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлаарх шийдвэрүүдийг хэлэлцэж байна. COP17 хурлын Дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсын манлайлан дэвшүүлсэн Бэлчээрийн тэргүүлэх санаачилга (Rangelands Flagship Initiative)-ыг албан ёсоор эхлүүллээ. Энэхүү санаачилга нь бэлчээрийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэх хөрөнгө оруулалтыг дэлхийн хэмжээнд нэмэгдүүлэх зорилготой бөгөөд мэдлэг, хөрөнгө оруулалт, институцийн хамтын ажиллагаа гэсэн гурван үндсэн чиглэлд хэрэгжинэ.
Бэлчээрийн асуудлыг дэлхийн бодлого, санхүүжилтийн түвшинд гаргах Монгол Улсын санаачилга бодит хөрөнгө оруулалттай холбогдож эхэлж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банк болон түншүүд COP17-ын үеэр Financing Investments and Eradicating Land Degradation and Desertification (FIELD) санаачилгыг зарлаж, Ази, Номхон далайн бүс нутагт газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санхүүжилтийг 2 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдлээ.
Энэ нь бэлчээр, газрын нөхөн сэргээлтийг зөвхөн байгаль орчны асуудал бус, хүнсний аюулгүй байдал, малчдын амьжиргаа, уур амьсгалын тэсвэржилт, биологийн олон янз байдал болон хөрөнгө оруулалтын асуудал болгон авч үзэх олон улсын чиг хандлагыг улам бататгаж байна.
Монгол Улс 2023 оноос Бэлчээрийн тэргүүлэх санаачилгыг олон улсын түвшинд хөгжүүлэх ажлыг эрчимжүүлж, UNCCD болон түнш байгууллагуудтай хамтран бэлтгэсний үр дүнд COP17-гийн үеэр дэлхийн хэмжээнд эхлүүлж буй нь энэ удаагийн хурлын Монгол Улсаас үлдэх чухал үр дүнгийн нэг болж байна хэмээлээ.
Ази, Номхон далайн бүс нутагт газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд зориулсан санхүүжилтийг нэмэгдүүлэх АХБ болон түншүүдийн санаачилгыг наймдугаар сарын 24-ний өдөр болсон COP17 хурлын хүрээнд болсон сайд нарын яриа хэлэлцээний үеэр зарласан байна. Азийн Хөгжлийн Банк (АХБ) түншүүдтэйгээ хамтран Ази, Номхон далайн бүс нутагт газрын доройтлыг арилгах, ган гачигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулахын тулд 2035 он гэхэд хамгийн багадаа 2 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхэд чиглэсэн бүс нутгийн түншлэл болох Хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, газрын доройтол, цөлжилтийг арилгах (FIELD) санаачилгыг хэрэгжүүлж эхэлж байгаа аж.
FIELD санаачилгын хүрээнд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн түншүүдэд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц, Катарын хөгжлийн сан, Ойрх Дорнодын ногоон санаачилга, Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN), Европын Холбоо, ОПЕК-ийн олон улсын хөгжлийн сан, Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ), Германы Олон улсын эдийн засгийн холбоо (GIZ), Байгаль орчны шийдлүүдийн санхүүгийн төв /Nature Solutions Finance Hub/ багтаж байна.
АХБ-ны Зүүн болон Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч Скотт Моррис “Газрын доройтол, цөлжилт нь манай бүс нутагт олон сая хөдөөгийн иргэдийг тэтгэж, эдийн засгийн өсөлтийг дэмждэг экологийн тогтолцоонд ноцтой аюул учруулж байгаа бөгөөд энэхүү сорилтыг нэг ч улс орон дангаараа даван туулах боломжгүй юм. Тиймээс АХБ түншүүдтэйгээ хамтран ажиллаж, газар орны төрх байдлыг эрүүл, үржил шимтэй байлгахад чиглэсэн инновацийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр болж байна. Ингэснээрээ АХБ нь биологийн олон янз байдлыг хамгаалах, амьжиргааг сайжруулах, хүн амын хүнсний болон усны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хүчин чармайлтыг удирдан чиглүүлэх болно” хэмээн мэдэгджээ.
FIELD санаачилга нь улс орнуудад газрыг нөхөн сэргээх төслүүдийг төлөвлөх, санхүүжилт олж авах, хэрэгжүүлэхэд туслах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн эрсдэлээс хамгаалах бүтэц, холимог санхүүжилт, хөрөнгийн зах зээлийн хэрэгслүүд зэрэг санхүүгийн шинэлэг аргуудыг нэвтрүүлж, газар ба ойн нөхөн сэргээлт болон голын сав газар, усны менежментийн төслүүдийг хэрэгжүүлнэ.
Энэхүү санаачилга нь 2035 он гэхэд газрын доройтлыг багасгаж, хүнс, усны аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор 1 сая орчим га газрыг тогтвортой менежментэд хамруулах зорилготой юм. Мөн АХБ-ны гишүүн хөгжиж буй орнуудад тогтвортой чадавхийг хөгжүүлэх бодлогыг боловсруулах, мэдлэгийн платформ бий болгоход нь туслах зорилгоор буцалтгүй тусламж, техникийн туслалцаа үзүүлнэ.
FIELD нь Саудын Арабын даргалсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн Талуудын COP16 чуулганы үеэр баталсан ”Эр-Риядын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд газрыг нөхөн сэргээх, ган гачигт тэсвэртэй байдлыг сайжруулах үйл ажиллагаанд төрийн ба төрийн бус байгууллагуудыг дайчлан оролцуулахад хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд бодит санаачилгын эхлэл нь “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” ба Монгол Улс болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн /UNCCD/ удирдсан Бэлчээрийн талаарх дэлхийн тэргүүлэх санаачилгатай давхцлаа.
Тиймээс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад "Бэлчээрийн талаарх дэлхийн тэргүүлэх санаачилга нь хүлээн зөвшөөрөгдсөний дараах өргөн хүрээнд хэрэгжих шатандаа шилжин орж байна" хэмээн хэлжээ.
Түүнчлэн СОР17 хурлын хүрээнд Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN) болон болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр(UNEP) хамтран экологийн тогтолцоонд суурилсан дасан зохицох төслүүдэд 7.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг санал болголоо. ХБНГУ-ын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагаа, байгаль хамгаалах, цөмийн аюулгүй байдлын яамны дэргэдэх Олон улсын уур амьсгалын санаачилгаас (IKI) санхүүжүүлдэг Дэлхийн экосистемд суурилсан дасан зохицох (EbA) сангаас санхүүжилтийн хоёр боломжийг энэ хүрээнд нээж өгч байгаа аж.
COP17 хурлын Санхүүжилтийн өдрөөр зарласан Дэлхийн экосистемд суурилсан дасан зохицох (EbA) сангийн 7.5 сая ам.долларын шинэ буцалтгүй тусламжийн санхүүжилтад хамруулах төслүүд нь уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, экологийн тогтолцооны нөхөн сэргээлтийг урагшлуулахад чиглэсэн шинэлэг, цаашид өргөжүүлэх боломжтой байх шалгуур тавигдах юм байна. Энэ хөрөнгө оруулалтын зорилго нь Байгальд суурилсан шийдлүүдийг хурдасгах ажээ.
"Эрүүл экологийн тогтолцоо нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бий болгоход хамгийн хүчтэй нөлөөтэй боловч дасан зохицоход оруулж буй хөрөнгө оруулалт шаардлагатай хэмжээнээс хамаагүй доогуур хэвээр байна. Германы дэмжлэгтэйгээр Дэлхийн EbA сан нь EbA-д зориулсан санхүүжилт олгож, ирээдүйтэй шийдлүүд гаргахад саад тотгор болж буй тогтолцоон дахь саад бэрхшээлийг арилгах, улс орнууд, орон нутгийн хүсэл зорилгыг бодит үйл хэрэг болгон хувиргах, хүмүүс, байгаль орчин, уур амьсгалд удаан хугацаанд ашиг тусаа өгөх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна." хэмээн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Уур амьсгалын өөрчлөлтийн хэлтсийн захирал Мартин Краузе хэлжээ.
Жижиг хэмжээний буцалтгүй тусламжийн шалгаруулалтаар 24 сар хүртэлх хугацаанд хэрэгжих төслүүдэд тус бүр 250 мянган ам.доллар, дунд хэмжээний буцалтгүй тусламжийн шалгаруулалтаар 24 сар хүртэлх хугацаанд хэрэгжих төслүүдэд тус бүр 500 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгох бөгөөд бага хэмжээний буцалтгүй тусламжийн шалгаруулалтаар 9-р сарын 28-наас 10-р сарын 26-нд, дунд хэмжээний буцалтгүй тусламжийн шалгаруулалтаар 10-р сарын 12-ноос 11-р сарын 16-нд материалуудыг хүлээн авах юм байна.
Эх сурвалж: Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/.