COP17: Ногоон бүсийн тайзны өдөрлөгт Өмнөговь аймаг “ГОВЬ+УС” уриатай оролцлоо
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын “Усны өдөр” болж байна. Энэ хүрээнд ногоон бүсийн тайзны өдөрлөгт Өмнөговь аймаг “ГОВЬ+УС – Гүний усаа хайрлая, гадаргын усаа сэргээе” уриатайгаар оролцож, ногоон хөгжил, усны нөөц, байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, сайн туршлага, шинэ санаачилгуудаа танилцууллаа. Мөн говийн бүсийг усжуулах “Онги-Цагаан Бургастай”, “Хэрлэн Тоонот” төслүүдийг хэрэгжүүлснээр байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөллийг танилцуулсан юм.
Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгөөр усны нөөцийг нэмэгдүүлэх хөв, цөөрөм байгуулах, аймгийн 15 суманд тус бүр 500 га талбайд заг тарих, говийн бүсийн нэн ховор болон ховор амьтдыг судлах, шилжүүлэх, нутагшуулах, үржүүлэх, хамгаалах төв байгуулах зэрэг байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр олон талт ажлыг хэрэгжүүлж байгаагаа оролцогч болон олон улсын байгууллагат танилцуулав.
Мөн төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, сайн туршлага, шинэ санаачилгуудыг түгээн дэлгэрүүлж байна.
Тухайлбал, “Номгон сангийн далай” НҮТББ, “Мөнх говийн хүрд” ХХК хамтран байгаль орчин, ESG болон карбон мониторингийн нэгдсэн “Говь лаборатори”,
Gobicarbonhub.mn платформ хөгжүүлэх, мөн “Батмөнх даян хаан, Мандухай сэцэн хатны цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслүүдээ танилцуулж, дотоод, гадаадын оролцогч байгууллага, төлөөлөгчдөд мэдээлэл хүргэлээ.