“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай “СОР17”хурлын ногоон бүсэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд тус нэгдлийн оролцооны талаар илтгэл тавилаа.
Уг хөдөлгөөний хүрээнд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” 291 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн. Өнөөдрийн байдлаар 30 сая орчим мод тарьж, ургуулан арчилж байна. Үүний 20 сая орчмыг “Оюу толгой” компани тарьсан бөгөөд тодорхой хэсгийг нь дүйцүүлэн үнэлүүлжээ.
Тарьж, ургуулж буй моддын амьдралын хувь сайн байгаа ч мод тарилтыг эрчимжүүлэх шаардлага бий гэж Гүйцэтгэх захирал Б.Даваадалай илтгэлдээ дурдлаа. Тийм ч учраас тарьц суулгацын тогтвортой нөөцтэй болох, урт хугацааны арчилгаанд төвлөрч буйгаа танилцууллаа.
Хүлэмж, мод үржүүлгийн газар, агро парк байгуулах, бүс нутагт тохирсон үр, тарьц суулгацын нөөц бүрдүүлэхээр төлөвлөсөн. Энэ ажлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ түүчээлж, 10 сая модны тарьц, суулгац боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулан хойд бүсийг ойжуулах суурийг тавиад байна.
Тарьсан модоо зөвхөн тоолж суух бус урт хугацааны арчилгаа, хамгаалалтад орон нутгийн иргэд, малчдын оролцоог хангасан сайн жишээг Хархорин суманд нутагшуулж чадсаныг мөн онцоллоо.
Мод тарьж, ургуулахын зэрэгцээ нэгдлийн хэмжээнд нөхөн сэргээлтийг эрчимжүүлж, байгаль орчны нөлөөллийг бууруулж, ногоон шийдэл, санхүүжилтийг урьтал болгож байна.