“ЧИНГИС ХААН БАЯЛГИЙН САН НЭГДЭЛ”-ИЙН ОЛОН УЛСЫН ТҮНШЛЭЛ ӨРГӨЖИЖ БАЙНА
Үндэсний баялгийн санг олон улсын жишигт хүргэх, төрийн өмчит компаниудын үнэ цэнийг өсгөж, хөрөнгийн зах зээлд гаргах зорилгын хүрээнд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай дэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллага Citibank группийн Улс орнуудын асуудал хариуцсан газрын дарга Грант С.Карсон, Группийн Төрийн сектор хариуцсан газрын дарга Майкл Ж.Паулус, Citibank Korea Inc-ийн Байгууллагын банкны газрын дарга Ким Кён Ху нарыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтаар:
-Хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалтын стратеги
-Стратегийн төслүүдэд олон улсын хөрөнгө оруулалт татах
-Төслийн санхүүжилт, бонд гаргах
-Төрийн өмчит компаниудын IPO-г олон улсын түвшинд бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ.
Дэлхийн шилдэг санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж буй түншлэл нь Үндэсний баялгийн сангийн өгөөжийг нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, олон улсын хөрөнгө оруулалтыг татах шинэ боломжуудыг нээсээр байна.