Ерөнхий сайдын "ЧӨЛӨӨЛЬЕ" санаачилгын хүрээнд "Чингис хаан баялгийн сан нэгдэл"-ийн зүгээс Засгийн газрын гарааны 100 өдөрт хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээс:
Давхардсан чиг үүрэгтэй, үр ашиг багатай төрийн өмчит 14 компанийг татан буулгаж, 260 орон тоог оновчилсноор жил бүр татвар төлөгчдийн 67.3 тэрбум төгрөгийг хэмнэлээ. "Чингис хаан баялгийн сан нэгдэл" дарга нарын тоог цөөлж, захиргааны зардлыг бууруулан, төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэлийг түүчээллээ.
Төрийн өмчийг үрэлгэн байдлаас чөлөөлж, дундын үйлчилгээний тогтолцоог төрийн өмчит компанийн салбарт анхлан нэвтрүүлж эхэллээ. Санхүү, хүний нөөц, хууль, худалдан авалт, мэдээллийн технологи зэрэг давхардсан, дэмжих чиг үүргийг нэгтгэж, эхний ээлжинд 6 компанийг дундын үйлчилгээнд хамруулахаар боллоо.
Төрийн өмчит дөрвөн компанийг өндөр тарифтай түрээсээс чөлөөлж, татвар төлөгчдийн тэрбум төгрөг хэмнэв. Төр өөрөөсөө эхэлж хэмнэх ёстой гэсэн Засгийн газрын байр суурийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” бодит ажил болгож, үлгэрлэн харууллаа.
Татварын нэг хувийн хөнгөлөлтөөр 21 аймаг, 9 дүүрэгт FIBA-ийн стандарт хангасан спортын иж бүрэн 30 талбай байгуулах төслийг эхлүүллээ. Эрүүл, аюулгүй орчин бий болгож, хувь хүний хөгжлийг дэмжих замаар баялгийн өгөөжийг хүүхэд залуучуудаа хүртээх бодлого хэрэгжүүлж байна.