“НОЁН СЭВРЭЙ ХИЙЦИЙН ГАЙХАМШИГТ УРЛАЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Өмнөговь аймгийн 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Ноён Сэврэй хийцийн гайхамшигт урлал” үзэсгэлэн Говийн байгаль, түүхийн музейд нээлтээ хийлээ.
Энэхүү үзэсгэлэн нь говийн уран дархчуудын үеэс үед өвлөгдөн ирсэн, үндэсний дархны урлагийн үнэт өв болох “Ноён Сэврэй” хийцийн бүтээлүүдийг олон нийтэд сурталчлан таниулах, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Үзэсгэлэнд тус хийцээр урладаг уран дархчуудын бүтээлүүдээс гадна эцэг өвгөдөөс уламжлан хадгалж ирсэн ховор, нандин эд өлгийн зүйлс, ахуйн хэрэглээний үнэт эдлэлүүдийг дэлгэн үзүүлж байна.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нар оролцож, уран бүтээлчидтэй уулзан, үзэсгэлэнгийн бүтээлүүдтэй танилцлаа.
Иргэд, зочид та бүхнийг баяр наадмын өдрүүдэд Говийн байгаль, түүхийн музейд хүрэлцэн ирж, өв соёлын хосгүй бүтээлүүдийг үзэж сонирхохыг урьж байна.