ЭЗБХ: АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.07.01/-ийн хуралдааны эхэнд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэв. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулах саналыг Монголбанкны Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн. Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчээс зээлийн мэдээллийн санг шинэчлэх, төрд байгаа өөрийн мэдээллийг төлбөргүй авдаг болох зэрэг асуудлыг хөндөн цаашид анхаарч ажиллахыг хүслээ. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь дэмжиж тогтоолын төслийг чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтов.
“Эрчим хүчний салбарын тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн явцад гишүүд тогтоол батлагдах хэрэгцээ шаардлага, ач холбогдлын талаар асууж, эрчим хүчний салбарын тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг дан ганц улсын төсөв, Засгийн газрын нөөц хөрөнгөөр шийдэх бус Хөгжлийн банкаар санхүүжүүлэх илүү оновчтой талаар саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Ч.Анар тогтоолын төслийн хэрэгжилтийг хангах Ажлын хэсэг байгуулан ажиллах шаардлагатай гэж үзэн хойшлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив.
Үүний дараа Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Энэхүү хуулийн төслөөр 1991 оны Газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд мөрдөх татвар, төлбөр, нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг тодорхой болгох, бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд үүссэн төлбөр, татвар, нийгмийн даатгал болон актын төлбөрийг Засгийн газрын хүлээсэн үүргийн хүрээнд зохицуулах, шинэчилсэн Газрын тосны тухай хуулийн зарим зохицуулалт өмнөх гэрээнд шууд үйлчлэхгүй байх эрх зүйн үндсийг тогтоох зэрэг асуудлуудыг зохицуулахаар тусгажээ.
Үргэлжлүүлэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн нэгтгэсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дууслаа.
Хуралдааны төгсгөлд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, ашигт малтмал баяжуулах үйл ажиллагаа, түүний зарчим, чухал ашигт малтмал, нөхөн сэргээлт, хаалт болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, хуваарилалтын асуудлуудыг тусгасан гэв.