МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ГЕОПАРК НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ГЕОПАРК НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд уул орчимын боржин чулуун массив, Дэмчигийн хийд Манлай сумын нутагт дахь Шар цав, үлэг гүрвэлийн мөрт газар, геологи, палеонтологи, соёлын өвийн үнэ цэнтэй дурсгалт газруудад түшиглэн байгуулагдаж буй Монгол Улсын анхны геопарк албан ёсоор нээлтээ хийлээ.
Энэхүү геопаркийг цаашид ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын сүлжээнд элсүүлэх зорилгоор хөгжүүлж байгаа бөгөөд геологийн өвийг хамгаалах, шинжлэх ухааны ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, геологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм.
Геопарк нь зөвхөн геологийн өвийг хамгаалах бус, аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг өсгөх замаар тогтвортой хөгжлийн бодит үр өгөөжийг бий болгодог онцлогтой.
Нээлтийн арга хэмжээнд Нэгдсэн Үндэстний Байгууллага, ЮНЕСКО, ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын сүлжээний төлөөлөл, Гадаад харилцааны яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Шинжлэх ухааны академи, Үндэсний геологийн алба, Соёлын өвийн үндэсний төв, Өмнөговь болон Дорноговь аймгийн удирдлага, Ханбогд, Манлай, Мандах, Хатанбулаг сумдын төлөөлөл, Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Рио Тинто Монгол ХХК, Оюу Толгой ХХК-ийн удирдлага, төлөөлөл, эрдэмтэн, судлаачид болон нутгийн иргэд оролцлоо.
Монгол Улсын анхны “Ханбогд–Шар цав” геопарк-ийн үйл ажиллагааг хөгжүүлэх, соёлын болон геологийн өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлал, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих хүрээнд Өмнөговь аймгийг төлөөлөн Засаг даргын орлогч Ж.Занабазар, Дорноговь аймгийг төлөөлөн Засаг дарга О.Батжаргал нар Харилцан ойлголцлын санамж бичигт, мөн Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумдын Засаг дарга нар геопаркийн хамрах бүсэд геологийн болон соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сум хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.
Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийсэн нь дэлхийн хэмжээнд үнэлэгдэх геологийн өвөө хамгаалан хадгалах, шинжлэх ухааны үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих шинэ боломжийг нээсэн онцлох үйл явдал болж байна.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ