САР БҮР 65 САЯ АМ.ДОЛЛАРЫН НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖ, ТЭЭВРИЙН БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж, “Гашуунсухайт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Э.Дөлгөөн нар Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Нүүрс баяжуулах үйлдвэр болон Гашуунсухайт чиглэлийн тээвэр, логистикийн үйл ажиллагаатай газар дээр нь биечлэн танилцлаа.
Нүүрс баяжуулах үйлдвэрийн хүчин чадал өмнөх хагас жилийнхээс 3 дахин нэмэгдэж, сар бүр 800 мянган тонн нүүрс баяжуулан 550 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөөд байна.
Ингэснээр одоогийн зах зээлийн ханшаар тооцоход тус үйлдвэр сар бүр 65 сая ам.долларын бүтээгдэхүүн боловсруулж, экспортын орлого, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Тавантолгойн ордоос олборлосон үнслэг өндөртэй нүүрсийг баяжуулж, чанарыг нь сайжруулснаар нүүрсэнд нэмүү өртөг шингэж, Үндэсний баялгийн санд төвлөрөх орлого болон иргэдийн хүртэх өгөөж нэмэгдэх нөхцөл бүрдэж байна.
Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн авто замаар өдөрт 1700 орчим тээврийн хэрэгсэл зорчиж, жилд 40 гаруй сая тонн нүүрс тээвэрлэж байгаа нь өмнөх үеийнхээс хоёр дахин өссөн ачаалал юм.
Иймд авто замын засвар, арчлалтыг эрчимжүүлэх, жолооч нарын аюулгүй байдлыг хангах зорилгоор “Заавал амрах цэг”, цахилгаан тээврийн хэрэгсэлд зориулсан “Ногоон цэг-Цэнэглэгч” байгуулах асуудлыг шуурхай хэрэгжүүлэх талаар санал солилцож, холбогдох үүрэг чиглэл өглөө.