Өмнөговь аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдалд ажиллах техник, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах зорилгоор Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэн гардуулан өглөө.
Тус тоног төхөөрөмж нь гамшиг, осол, аюулт үзэгдлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай бөгөөд үр дүнтэй зохион байгуулах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх боломж нөхцөлийг сайжруулахад ач холбогдолтой юм.
Мөн Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг дэмжих, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг, ослын эрсдэлээс шуурхай хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд гал түймэртэй тэмцэх албаны шинэ байрны барилгын ажлыг Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажил эхлээд байна.
Аймгийн удирдлагын зүгээс Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хангамжийг нэмэгдүүлэх, алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллаж байна.