ЧУУЛГАН: АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.06.12/-ийн үдээс өмнөх хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Цагдаагийн байгууллагад 2022-2024 оны эхний 7 сарын байдлаар унадаг дугуй, цахилгаан скүүтер, цахилгаан дугуй /суррон/-наас үүдэлтэй нийт 206 зам тээврийн осол бүртгэгдэж байв. Харин 2025 оны эхний 4 сарын байдлаар 985 шинэ тохиолдол бүртгэгджээ. 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер болон цахилгаан дугуй унахыг хориглосон энэхүү хуулийн төсөл батлагдсанаар энэ тоо буурах боломж бүрдэх юм.
Үргэлжлүүлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Хуулийн төсөлд, хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын болон баяжуулалтын үйл ажиллагааг зохицуулах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн салбараас орон нутаг хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтууд туссан байна.
Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус шилжүүлжээ.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй 21 саналаар санал хураалт явуулж гишүүдийн олонх дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгал орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын хороонд тус тус шилжүүллээ. Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл 70,0 хувийн саналаар батлагдав.
Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн санаачилсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүд асуулт авч хариулт авч дууслаа.