ЭЗБХ: ТӨРИЙН ОРОЛЦООГ БАГАСГАН, БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ БИЗНЕСИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ
ЭЗБХ: ТӨРИЙН ОРОЛЦООГ БАГАСГАН, БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ БИЗНЕСИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ
 
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.06.09/-ийн хуралдааны эхэнд Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоов. Сонсголыг энэ сарын 23-нд явуулах бөгөөд даргалагчаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхланг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн УИХ-ын хаврын ээлжит чуулганы 6 дугаар сард Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх асуудлын цаглавар батлах, УИХ-ын гишүүн Э.Болормаа нарын 19 гишүүний өргөн мэдүүлсэн Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тогтоолын төслүүдийг тус тус баталсан юм.
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ хуулиар газрын хэвлийн баялаг болох газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийг Улсын төсөв, Үндэсний баялгийн төрөлжсөн сангууд, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, газрын тосны ашиглалтын нөлөөлөлд өртөж буй тухайн бүс, аймаг, сумдын төсөвт хуваарилах, мөн газрын тос, байгалийн хий олборлох, боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмшлийн хувьд ногдох ногдол ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх харилцааг зохицуулна хэмээн хууль санаачлагчид хэлж байв. Байнгын хорооны гишүүд төсөвт үзүүлэх нөлөө, Засгийн газраас санал авсан эсэх, бүсчилсэн хөгжлийн сан байгуулах шаардлагатай эсэх зэрэг хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж саналаа хэлснээр хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
 
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, ашигт малтмал баяжуулах үйл ажиллагаа, түүний зарчим, чухал ашигт малтмал, нөхөн сэргээлт, хаалт болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, хуваарилалтын асуудлуудыг тусгажээ.
 
Үүний дараа иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулж, төрийн оролцоог багасгах, бизнес эрхлэх орчныг сайжруулахад чиглэгдсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Анхдагч хуулийн төсөл батлагдсанаар хуулиар хориглосноос бусад бизнесийн үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх, бизнес эрхлэгчдийг өмчийн хэлбэр, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, салбар гэх зэргээр ялгаварлан гадуурхахгүй байх, шударга өрсөлдөөнийг дэмжиж төрийн оролцоог багасган бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулах юм.
Үнийн өсөлтөөс сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын биелэлтийг хангах хууль тогтоомжийн уялдаа холбоо, зөрчилтэй эрх зүйн зохицуулалтыг судалж, санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Ажлын хэсэг, үнийн өсөлтөөс сэргийлэх, түүний эрсдэлийг бууруулах зорилгоор төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж, төсвийг хэт тэлэх, дотоодын зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх, төрөөс үнийг зохицуулж байгаа салбаруудыг инфляцад огцом нөлөө үзүүлэхгүй байхаар тооцож, үе шаттай чөлөөлөх, шаардлагатай хуулийн төслүүдийг боловсруулах санал гаргасан гэв.
 
УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн засгийн нөхцөл байдал болон үнийн өсөлтөөс сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Энэ оны эхний улирлын байдлаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 7.9 хувийн өсжээ. Уул уурхайн биржийн арилжааны идэвх тогтвортой байж сүүлийн гурван улиралд сард дунджаар 3.2 сая тонн нүүрсний шинэ гэрээ хийсэн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд танилцуулгадаа дурдсан. Мөн төсвийн орлогын гүйцэтгэл өмнөх оны орчимд байгаа ч эмч, багш нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотой урсгал зардлын хэрэгцээ өндөр байгаа. Цаашид буцааж бууруулах боломжгүй зайлшгүй шинжтэй зардал нь төсвийн нийт зардлын дийлэнх хэсгийг бүрдүүлэхээр байгаа тул урсгал зардлын өсөлтийг хязгаарласан эрх зүй, бүтцийн шинэчлэл хийх шаардлагатай гэлээ.
Салбарын сайдын мэдээлэлтэй холбоотой гишүүд асуулт асууж саналаа хэлснээр өнөөдрийн байнгын хорооны хуралдаан өндөрлөв.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ