МОНГОЛ УЛСЫН ХУРЦ АРСЛАН ГОМБО-АЮУШИЙН ДЭМҮҮЛ АГСНЫ НЭРЭМЖИТ ХҮЧИТ 256 БӨХИЙН БАРИЛДААН БОЛЖ БАЙНА
Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол Улсын хурц арслан Г.Дэмүүл агсны нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн Улсын баяр наадмын сорилго барилдаан Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдаж байна. Барилдааныг УИХ-ын гишүүн Р.Сэддорж, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, аймгийн Засаг дарга Н.Энхбат болон аймаг сумын удирдлагууд, хурц арслан Г.Дэмүүл агсны гэр бүл, үр хүүхдүүд, говь нутгийн зон олон, бөх сонирхогчид үзэж сонирхож байна.
Хүчит бөхийн барилдааныг улсын арслан Ц.Содномдорж, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Бат-Өлзий, улсын заан Ц.Одбаяр, улсын заан Д.Хүдэрбулга, улсын заан С.Сүхбат зэрэг улсын том цолтой бөхчүүд манлайлан барилдаж байна. Мөн Өмнөговь аймгийн харьяат улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд хүч үзэн барилдаж байна.
Өмнөговь аймгаас төрөн гарсан улсын цолтой бөхчүүдэд аймаг орон нутгийн зүгээс хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр Сэврэй сумын харьяат Монгол төрийн дархан Сономшаравын Сугир агсны гэргий Арьяажавын Галиймаад хүндэтгэл гардууллаа.
Говь нутгаас төрөн гарсан домогт бөх, улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит барилдааныг 2005 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил улсын баяр наадмын сорилго барилдаан болгон зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.