С.Наранцогт: Эдийн засгийн савлагаатай үед бодлого боловсруулагчдад тэвчээр, сахилга бат хамгийн чухал

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогттой Монголбанк болон санхүүгийн салбарт хэрэгжүүлэх реформын талаар ярилцлаа.

- Та дэлхийн эдийн засаг болоод дотоодын улстөр савлагаа ихтэй, тодорхой бус байдал өндөр, сорилттой цаг үед Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсон. Төв банкийг жолоодоход юунд анхаарч байна вэ?

- Дэлхий өөрчлөгдөж, бидний дассан суурь нөхцөлүүд мөн зэрэг өөрчлөгдөж байна. Бид одоо геополитик, улс төрийн талцал хуваагдал, эрчим хүчний тодорхойгүй байдал, уур амьсгалын эрсдэл, технологийн огцом хөгжил дэвшил, хөрөнгийн урсгалын савлагаа давамгайлсан шинэ орчинд дасан зохицож, илүү тэсвэртэй байх шаардлага тулгарч байна. Тиймээс би ажил хүлээн авснаасаа хойш төвлөрч буй гол зүйл бол институцийн сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд төвлөрч ажиллаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, Монголбанк зөвхөн хямрал үүссэний дараа арга хэмжээ авдаг байгууллага байж таарахгүй. Харин аливаа эрсдэлийг урьдчилж хардаг, учрахаас нь өмнө хамгаалалтын нөөц, бодлогын орон зайгаа бэлддэг, аливаа сөрөг шокт үзүүлэх хариу үйлдлийн хувилбарууд нь бэлэн байх ёстой. Ингэснээр бодлогын итгэлцэл болон системийн тэсвэртэй байдлыг бэхжүүлж чадна.  Монголбанк нөхцөл байдлаа үнэлж дүгнээд, хийх ажлуудаа тодорхойлж эрэмбэлсэн.

Түүнчлэн, өнөөдөр дэлхийн төв банкууд маш хурдтай өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Өгөгдлийн архитектур, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, дижитал төлбөрийн систем, уур амьсгалын макро-санхүүгийн эрсдэл зэрэг асуудлууд үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөхийг үнэлээд, шаардлагатай арга хэмжээг авч буй. Энэ их өөрчлөлт дунд тогтвортой байдлыг хадгалахын тулд төв банкууд өөрсдөө шинэчлэгдэж өөрчлөгдөхөөс өөр гарцгүй. Тиймээс бид мөнгөний бодлого, хяналт шалгалт, зах зээлийн үйл ажиллагаа, төлбөрийн системтэй холбоотой бодлогын асуудлаас гадна төв банкны засаглал, бүтэц зохион байгуулалт, технологийн чадавх, банкны салбарын эрх зүйн шинэчлэлийн реформуудыг тусгасан дунд хугацааны стратегийг баталж, хэрэгжүүлж эхлээд байна.

- Аливаа өөрчлөлт хууль, дүрэм, журамтай шууд холбогдоно. Энэ сэдвээс ярилцлагынхаа үндсэн хэсэгт орцгооё. Реформын хүрээнд ямар хууль эрх зүйн шинэчлэлт хийгдэх шаардлагатай вэ?

- Мэдээж аливаа өөрчлөлт шинэчлэлт хийхэд нэн тэргүүнд “тоглоомын дүрэм” буюу эрх зүйн орчноо оновчтой, тодорхой болгохоос эхэлнэ. Үүний хүрээнд 3 багц ажлыг онцолмоор байна.

Нэгдүгээрт. Төв банкны тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт: Банкны үндсэн зорилгыг “үнийн тогтвортой байдлыг хангах” гэж тодорхой болгоно. Салаа утгатай байсан хуулийн заалтыг засаж, хараат бус байдлыг хангахын зэрэгцээ илүү ил тод, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байна. Түүнчлэн төсвийн шинжтэй санхүүжилт  хийх боломжийг бүрэн хязгаарлах, төсөв мөнгөний бодлогын уялдааг хангах тодорхой механизмыг институцийн түвшинд ойлгомжтой болгох, түүнчлэн макро зохистой бодлогын арга хэрэгслийг бүрэн нэвтрүүлэх, мөнгөний бодлого, ханшийн бодлого болон санхүүгийн тогтвортой байдлын бодлогыг нэгдмэл байдлаар хэрэгжүүлэх зэргээр эрх зүйн үндсийг боловсронгуй болгоно. Мөн Монголбанкны хуримтлагдсан алдагдал, өөрийн хөрөнгийн дутагдлыг үе шаттай бууруулж, санхүүгийн хараат бус байдлыг нь бэхжүүлнэ. Ингэснээр төв банкны хараат бус, бие даасан байдлыг олон улсын жишигт нийцүүлж, бодлогын үр нөлөө дээшлэх боломжтой юм.

Хоёрдугаарт. Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, гадаадын банк орж ирэх эрх зүйн орчныг сайжруулах өөрчлөлтүүд хийгдэнэ. Хэдийгээр банкууд хувьцаат компанийн хэлбэрт шилжиж, хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжиж эхлээд таван жил болсон ч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын банкны салбарт хөрөнгө оруулах эрх зүйн зохицуулалт хязгаарлагдмал, дотоодын хөрөнгийн захын багтаамж хангалтгүй байгаа зэрэг нь хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах зохицуулалт бүрэн хэрэгжээгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймд, Банкны тухай хуульд заасан хувь эзэмшлийн дээд хязгаарыг нэмэгдүүлэн, нэг хувьцаа эзэмшигч системд нөлөө бүхий банкны хувьд нийт хувьцааны 34 хүртэл хувь, бусад банкны хувьд нийт хувьцааны 51 хүртэл хувийг эзэмших боломжийг бүрдүүлснээр олон улсын захаас хөрөнгө оруулалт, стратегийн хөрөнгө оруулагчдыг татах боломж илүү нэмэгдэж санхүүгийн зах зээлийн тогтвортой үйл ажиллагаанд эерэг нөлөөл үзүүлнэ гэж үзэж байна.

Гуравдугаарт. Инфляцыг тогтворжуулахад төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах зохицуулалтын механизм хангалтгүй байгааг шийдвэрлэх шаардлагатай. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагууд болон төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээгээр Монголбанк ирэх оны мөнгөний бодлогын тооцооллоо хийж дараа жилийнхээ мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барьдаг. Гэвч төсвийг өргөн барих үед бидний тооцоололдоо ашигласан хязгааруудыг өөрчлөөд, нэлээд тэлсэн төсөв батлуулах тохиолдол түгээмэл. Ингэхээр инфляцын зорилтоо өөрчлөх эсхүл бодлогын төлөв, санхүүгийн нөхцөлөө чангаруулахад хүрдэг.

Төсвийн давамгайлал буюу төсөв хэт тэлснээр инфляцын эрсдэл нэмэгдэн, улмаар мөнгөний бодлого хатуу төлөвт хадгалагдаж, хувийн секторын санхүүжилтийн нөхцөл чангарах шалтгаан болдог. Үүнээс сэргийлэхийн тулд төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах механизмыг бий болгохтой холбоотой хуулийн зохицуулалтын саналыг боловсруулан хууль санаачлагчид өргөн мэдүүлээд байгаа юм.

- Монголбанкны хуулийн зорилтууд, тэдгээрийг биелүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээний талаар ярилцъя. “Поликризис” буюу нэгэн зэрэг өрнөх олон давхар сорилтын тухай ойлголт олон улсад түгээмэл яригдах боллоо. Төв банк үүний эдийн засгийн нөлөөг юу гэж харж байна вэ, үнийн тогтвортой байдлыг хадгалахын тулд ямар зарчим баримтлах вэ?

-Шок гэдэг зүйл эдийн засагт байнга тохиолддог, сүүлийн үед давтамж болоод далайц нь нэмэгдэж байгаа нь яах аргагүй бодит үнэн. Эдийн засгийн бүтэц, онцлогоосоо хамаараад энэ нь манайд түүхий эдийн үнэ ханш, хөрөнгийн урсгалаар дамжаад төлбөрийн тэнцлийн шок хэлбэрээр орж ирдэг. Мөн уул уурхай, түүнийг дагасан тээвэр, үйлчилгээний салбаруудад хэрхэн нөлөөлөхөөс хамаараад бодит эдийн засгийн идэвхжилд шууд нөлөөлдөг. Энэ бүхний тусгал нь санхүүгийн сектор, тэр дундаа банкны салбар юм. Төв банк энэ бүхнийг том зургаар нь, салбар салбараар нь шинжлээд явдаг. Шинэ статистик мэдээлэл гарах тоолонд тооцоолол, төсөөллөө шинэчлээд шаардлагатай бодлогын арга хэмжээ, хариу үйлдлээ Мөнгөний бодлогын хороогоороо хэлэлцдэг.

Тэгэхээр, шокын төрөл нэмэгдсэн үед Монголбанк яах вэ гэсэн асуулт байна. Ер нь сорилт ихтэй, ороо бусгаа цагт бодлого боловсруулагчдад хамгийн чухал зүйл бол тэвчээр, сахилга бат гэдэг нь сүүлийн жилүүдийн том сургамж байсан болов уу. Аливаа шок, тодорхойгүй орчинд шийдвэр гаргах үед хэт хурдан, огцом хариу үзүүлэх дарамт байнга үүсдэг. Гэхдээ төв банк тууштай биш, богино хугацааны, гэнэтийн реакцаар, өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлөөр ажиллавал бодлого олигтой үр дүнд хүрч чадахгүй байх эрсдэлтэй. Эдийн засагт тогтвортой байдал алдагдах нь ихэвчлэн гэнэтийн ганц нэг үйл явдал гэхээсээ бодлогын сахилга бат алдагдаж, асуудлууд ужгирч хуримтлагдан, итгэлцэл суларснаар бий болдог.

Энэ асуудлыг инфляцын хувьд авч үзвэл манайд үнийн өсөлтийн дарамт түүхий эдийн үнэ, шатахууны импорт, төсвийн тэлэлт, тээвэр логистик, зээлийн хурдтай өсөлт, ган зуд гээд цаг уурын нөхцөл байдал, бүс нутгийн геополитик зэрэг олон зүйлээс хамааралтай байна. Тиймээс мөнгөний бодлого эрэлтийн шалтгаант инфляц уу, нийлүүлэлтийн шалтгаантай инфляц уу гэдгийг маш сайн ялгах шаардлагатай. Хэрэв инфляц дотоод эрэлтээс үүдэлтэй, эдийн засгийн хэт халалттай холбоотой байвал Төв банк эргэлзэх зүйлгүй мөнгөний бодлогын төлөвийг чангаруулна. Харин инфляц нийлүүлэлтийн шок — жишээлбэл шатахуун, мах, хүнс гээд аль нэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдлоос үүдэлтэй байвал бодлогын огцом чангаралт нь хэрэглээ, хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнесийн санхүүжилтэд хэт дарамт үзүүлэх эрсдэлтэй.

Тиймээс энд гол баримтлах зүйл нь тэнцвэр юм. Монголбанк мөнгөний бодлогын хэрэгслүүдээ макро зохистой бодлогын арга хэмжээтэй хослуулан хэрэгжүүлж, инфляцын хүлээлтийг тогтворжуулах, зээлийн хэт өсөлтийг сааруулах чиглэлд ажиллана. Нөгөө талдаа эдийн засгийн бүтээмжтэй салбаруудад шаардлагагүй дарамт үүсгэхгүй байхыг мөн зорьж байна.

- Санхүүгийн тогтвортой байдлын талаар ярилцъя. Та Монголын санхүүгийн системийг ирэх 10 жилд ямар чиглэл рүү хөгжих ёстой гэж харж байна вэ?

- Монгол Улсын дараагийн шатны хөгжилд илүү төрөлжсөн, илүү тэсвэртэй санхүүгийн систем шаардлагатай. Өнөөдөр банкны салбар санхүүгийн системд хэт давамгайлж байна. Энэ нь банкны салбарын хурдтай өсөлт, хөгжлийн тусгал боловч нөгөө талаар төвлөрлийн эрсдэлийг бас бий болгодог. Цаашид бидэнд илүү гүнзгий хөрөнгийн зах зээл, институцийн хөрөнгө оруулагчид, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр, илүү өрсөлдөөнтэй санхүүгийн орчин хэрэгтэй. Урт хугацаандаа Монголын санхүүгийн систем олон улсын зах зээлтэй илүү холбоотой байж гэмээ нь илүү өрсөлдөх чадвартай, илүү эрүүл байж, эдийн засгаа илүү дэмжих, иргэд аж ахуйн нэгжүүдийнхээ санхүүгийн хэрэгцээ шаардлагыг илүү үр дүнтэй хангах боломжтой болно.

- Тэгвэл банкны салбарын өнөөгийн байдал, цаашдын ирээдүйг хэрхэн харж байна вэ?  

- Банкны сектор бол бүх хүнд хүрч ажилладаг салбар гэдгээрээ онцлог. Арилжааны банкууд ч технологийн боломжийг ашиглан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг ар араас нь нэвтрүүлж, менежмент үйл ажиллагаагаа сайжруулж, дотооддоо хамгийн өндөр бүтээмжтэй салбаруудын нэг болсон байна. Иймд зохицуулагч байгууллагын зүгээс энэ амин чухал салбарыг тогтвортой байлгаж, санхүүгийн зуучлалыг тасалдалгүй явуулах тал дээр онцгой анхаарч, бодлогын арга хэлбэр, хяналт шалгалтын бодлогоо орчин үеийн боловсронгуй болгоход идэвхтэй ажиллаж байна. 

Банкууд санхүүгийн салбартаа манлайлагчид нь учраас Монгол Улсын урт хугацааны хөгжлийг дэмжих илүү тэсвэртэй, ил тод, өрсөлдөх чадвартай санхүүгийн тогтолцоог бий болгоход хамгийн гол үүрэг гүйцэтгэх болно. Үүний тулд банкны салбарт либералчлал болон зохицуулалт хоёрыг зэрэг бэхжүүлэх шаардлагатай.

Зохицуулалт талаасаа бид эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоогoo бэхжүүлж, бодлогын арга хэлбэрээ улам боловсронгуй болгох, тогтвортой байдлыг хангахад тус дэм болох шинэ хэрэгслүүдийг нэвтрүүлэх чиглэлд тууштай ажиллаж буй. Нөгөө талаас, зах зээл илүү нээлттэй, ил тод байх нь зүйтэй. Ингэж байж банкны салбарт өрсөлдөөн нэмэгдэж, үр ашиг дээшилнэ. Үүнд гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа гадаадын банкны оролцоо чухал байх болов уу. Банкны салбарыг либералчилж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татсанаар ирээдүйд ажлын байр, эдийн засгийн өсөлтийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт орж ирэхээс гадна дотоодын банкны салбарт компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, технологийн шинэчлэл, өрсөлдөх чадварыг сайжруулах ноу-хау орж ирэх том боломж гэж харж байна. Мэдээж санхүүгийн салбар эмзэг тул дотоодын зах зээлд огцом хэлбэлзэл үүсгэхгүйн тулд реформыг сайн судалж, үе шаттай хэрэгжүүлнэ.

- Та төв банкны хараат бус байдлын асуудлыг байнга онцолдог. Монголд энэ асуудал улс төрийн түвшинд ч их маргаантай байдаг тул энэ талаар дэлгэрүүлж ярина уу?

- Төв банкны хараат бус байдал хамгийн түрүүнд маш тодорхой, бодитой зорилгоос эхэлдэг. Орчин үеийн практикт төв банкуудын үндсэн мандат нь үнийн тогтвортой байдал байдаг. Хэрэв үндсэн зорилт тодорхой биш тохиолдолд бодлого олон чиглэлд зэрэг татагдаж, тогтворгүй болж сарнихаас гадна үр дүн нь сулардаг. Тиймээс энэ байгууллага ямар зорилготой вэ гэдгийг хуульд маш тодорхой тусгаж өгөх шаардлагатай. Монголбанкны хувьд 1996 оны Төв банкны тухай хуулиар зорилгыг “төгрөгийн тогтвортой байдал” гэж тодорхойлсныг “үнэ” эсвэл “ханш” хэмээн салаа утгаар ойлгох нь бий тул бодлого хэрэгжүүлэхэд тодорхой эрсдэлүүд учруулж, төв банкны хараат бус байдлыг хангалтгүй гэж дүгнэх нэг нөхцөл болдог. Үүнийг эхлээд олон улсын нийтлэг сайн жишигт нь нийцүүлэх шаардлагатай.

Үүний дараа хэрэгслийн хараат бус байдал буюу төв банк хуульд заасан зорилгод хүрэхийн тулд “хэзээ, ямар бодлогын хэрэгсэл ашиглах вэ” гэдгээ бие даан шийдэх боломжийг л төв банкны хараат бус байдал гэж ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, төв банкны бодлогын шийдвэр богино хугацааны улс төрийн мөчлөг, дарамтаас ангид, гагцхүү өгөгдөл баримт, тооцоо шинжилгээнд суурилсан, мэргэжлийн байх шаардлагатайг хэлж буй хэрэг юм. Тэгж байж хуульд заасан зорилгоо үр дүнтэй биелүүлж, эдийн засагтаа тустай үр дүнд хүрэх боломж нэмэгдэнэ. Ийм боломжийг бүрэн хангахын тулд л санхүү, хүний нөөц гээд үйл ажиллагааг нь бие даалгах тухай ярьж байгаа хэрэг юм.

Нөгөө талдаа хараат бус байдал нь үргэлж хариуцлага, сахилга бат, хараа хяналт, ил тод байдал, мэргэжлийн зарчимтай хамт явах ёстой. Үүнийг ч бүрэн хангаж ажиллана. Түүнээс хараат бус гэдэг нь Төв банкийг “төрөөс тусгаарлагдсан”, ямар ч хяналтгүй байлгах тухай ойлголт огт биш. Харин урт хугацааны макро эдийн засгийн тогтвортой байдлыг мэргэжлийн, дүрэмд суурилсан, итгэлцэлтэй бодлогоор хамгаалах институцийн нөхцөлийг бүрдүүлэх тухай зүйл юм.

- Та төв банкны уламжлалт сэдвүүдээс гадна уур амьсгалын өөрчлөлт, ногоон санхүүжилт, технологийн талаар их ярьдаг. Ямар шалтгаантай вэ?

- Манайх шиг уул уурхай, хөдөө аж ахуйгаас өндөр хамааралтай эдийн засагт энэ маш чухал юм. Уур амьсгалын өөрчлөлт төв банкны шийдэх асуудал биш боловч хүнсний нийлүүлэлт, барьцаа хөрөнгө, даатгалын эрсдэл, зээлийн чанарт шууд нөлөөлөх эрсдэлтэй. Энэ утгаараа үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдалтай шууд холбогдож, Төв банк анхаарахаас өөр аргагүй асуудал болсон байна. Мэдээж Монголбанк Засгийн газрын салбарын бодлого, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад чиглэсэн бодлогыг орлохгүй ч уур амьсгалын макро-санхүүгийн эрсдэлийг  тооцох, ялангуяа инфляцад, банкуудын тэнцэлд хэрхэн нөлөөлж байгааг үнэлж дүгнэх, шаардлагатай хариу үйлдэл, арга хэмжээг авахад бэлтгэлтэй байх, цаашлаад эдийн засаг, санхүүгийн системээ ногооруулахад чухал хувь нэмэр, үүрэг, оролцоотой байна. Энэ чиглэлээр бодитой дэмжлэг, шийдвэрүүдийг гаргаад явж байна. Тухайлбал, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлогын чиг үүрэгтэй хэлтсийг Монголбанканд байгууллаа. Мөн эрчим  хүчний хэмнэлттэй болон ногоон автомашины зээлийн хугацааны хязгаарлалтыг уртасгаж 60 сар болгов. Ингэснээр ногоон зээлийн сарын эргэн төлөлтийн хэмжээг 40 хувиар бууруулж, хүртээмжийг 2-3 дахин өсгөхөөр тооцоолж байна. Банкны салбарын нийт зээлийн багцын 5.7 хувь ногоон зээл байгааг 2030 он гэхэд 10 хувьд хүргэх  зорилттой ажиллаж байна.

Нөгөө талдаа технологи ч мөн адил дэлхийн санхүүгийн системийг үндсээр нь өөрчилж буй. Хиймэл оюун ухаан, бодит цагийн горим, их өгөгдөл зэрэг нь санхүүгийн систем хэрхэн ажиллахыг, ямар эрсдэл учрах зэрэг асуудлуудыг сууриар нь өөрчилж байна. Тиймээс төв банкууд ч үүнд бэлтгэлтэй байх шаардлагатай. Цаашдаа Монголбанк статистик мэдээлэл цуглуулахаас эхлээд зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, зохицуулалт дээрээ технологийн бүрэн шинэчлэл хийнэ. Мөн шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллийг боловсруулах, бодит цагийн горимоор мониторинг хийх зэрэг үйл ажиллагаан дээрээ ч томоохон шинэчлэлт хийж эхлээд байна.

- Эцэст нь, Таны хувьд санхүүгийн  салбарын хөгжил дэвшилд ямар философи, үнэт зүйл чухал гэж үзэж байна вэ?

- Монголын сорилт зөвхөн өнөөдрийн инфляц, ханш, эсвэл зээлийн хүүгийн асуудлаар хязгаарлагдахгүй. Ирээдүйн сорилт дунд бат зогсох, тогтвортой байдлын тулгуур болж чадах институцуудыг одоо бий болгох нь  маш чухал юм. Үүнд сахилга бат, мэргэжлийн байдал, ил тод байдал, алсын хараатай урт хугацааны бодлого, сэтгэлгээ хамгийн чухал.

Тогтвортой байдал, урт хугацааны хөгжил дэвшил гэдэг нь эцсийн дүндээ институцийн асуудал. Богино хугацааны арга хэмжээ зарим үед зах зээлийн хэлбэлзлийг түр хугацаанд намжааж, тодорхой үр дүн гаргаж болно. Гэхдээ урт хугацааны эдийн засгийн тэсвэртэй байдал нь институцууд улс төрийн мөчлөг, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, аливаа гадаад дотоод шок, тодорхойгүй байдлын үед итгэлцлээ хадгалж чадах эсэхээс шалтгаалах болно.

Монголбанкны хувьд ч хамгийн үнэ цэнтэй капитал бол итгэлцэл юм. Төв банканд итгэх зах зээлийн, олон нийтийн итгэл алдагдвал тогтвортой байдлыг сэргээх өртөг зардал маш өндөр байдаг. Харин Монголбанк өөрөө итгэл даах институц байж чадвал бодлого тогтвортой байж ямар ч орчинд эдийн засаг илүү тэсвэртэй байх боломж дээшилнэ.

Түүнчлэн, банк, санхүүгийн салбарт ч ижил зүйлийг хэлж болно. Зөвхөн эдийн засгийн статистик, мөнгөний хэмжээ, гүйлгээний хурд гэх тоон үзүүлэлтүүдээс гадна энэ бизнест хамгийн үнэт зүйлс бол хүн хоорондын харилцаа, бие биедээ итгэх итгэл гэдгийг онцолмоор байна. Иргэдийн хадгаламж, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө, улс орны санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалж байдаг учраас банкны салбарын ажилтан бүр өндөр ёс зүй, мэргэжлийн ур чадвар, хариуцлага, сахилга баттай байх учиртай. Хэдийгээр технологи хурдацтай хөгжиж хиймэл оюун ухаан, дижитал шилжилт хийгдэж байгаа боловч банкны салбарын үндэс нь хэзээд хүний итгэл, шударга байдал, ёс зүй хэвээр байх болно.

Ярилцсанд баярлалаа.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ