-Би иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд арван удаа хандсан. Тухайлбал, гавьяат хуульч Н.Чадраабалтай хамтарч 2018 оны гуравдугаар сарын 14-нд цаазаар авах ялыг сэргээх тухай асуудлаар хандсан. Лавшруулбал, Монгол Улсын олон улстай хийсэн гэрээ болон Эрүүгийн хуулийн зарим зүйл заалт зөрчсөн тухай юм. Тухайн үед ямар үндэслэл байсан бэ гэхээр УИХ-аас 2012 оны нэгдүгээр сарын 5-нд “Иргэний болон улс төрийн эрхийн тухай фактаар цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт XX протоколд нэгдэн орох тухай” гэсэн тогтоол гарсан.
Гэтэл манай Үндсэн хуулийн 10.4-т “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ болон бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалт бий. Тэгэхээр дээр дурдсан олон улсын гэрээ нь Үндсэн хуулиа зөрчиж байгаа юм. Үүнээс гадна Үндсэн хуульд цаазаар авах ял байгаа гэдгийг зохицуулсан зохицуулалт одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Мэдээж хэрэг тус хуулийн 16.1-т зааснаар Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй.
Харин Эрүүгийн хуульд “Онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ ногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан. Энэ заалтын ерөнхий агуулгыг авч үзвэл “Онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ ногдуулж болно” гээд заачихсан байна. Тиймээс манайд одоо хэр нь 1992 оны Үндсэн хуулийн цаазаар авах ялтай холбоотой хэсэг хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэсэн үг.
-Үндсэн хуулиа зөрчиж олон улсын ХХ протоколд орсон гэсэн үг үү. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юү? -Энэ бол тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар хийсэн ажил. Тэр үед иргэдийн дунд цаазаар авах нь зөв үү, буруу юу гэдэг судалгаа хийсэн байдаг.
Санал асуулгад оролцсон хүмүүсийн 83 хувь нь цаазаар авах ялыг халах нь буруу гэж үзэж байсан юм билээ. Мөн би саяхан олон нийтийн сүлжээнд багагүй судалгаа явуулсан. Судалгаанд оролцож, сэтгэгдэл бичсэн хүмүүсийн 98 хувь нь цаазын ялыг сэргээх нь зөв гэж үзсэн.
-Цаазын ялтай байхад гэмт хэргийн гаралт ямар байсан, түүнийг халснаар ямар болсон гэж бодож байна вэ? -Ер нь ялын бодлого гэдэг нь нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж байгаа нөлөөллийн буюу цээрлэлийн арга хэрэгсэл шүү дээ. Мэдээж хэрэг хулгай хийсэн хүнд хариуцлага хүлээлгэдэггүй байсан бол хулгайн гэмт хэрэг олширно. Нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх хандлага иргэдийн ухамсрын түвшин ямар байгаа вэ гэдгээр хэмжигддэг.
Өөрөөр хэлбэл, нийгмийн гишүүдийн ухамсрын түвшин сайжраад байх юм бол хариуцлагын тогтолцоо буюу энэ санкц нь харьцангуй сулраад явдаг гэсэн үг. Онолын хувьд ч, судалгаанаас харсан ч тэр гэмт хэрэг тодорхой түвшинд ихсэж байгаа. Жишээлбэл, зөвхөн бэлгийн хүчирхийлэлд гэхэд жилд 687 хүүхэд өртсөн. Гэтэл бид гэмт этгээдүүдэд тооцож байгаа хариуцлагын хэмжээг сулруулчихаад байна.
-Цаазын ялыг сэргээгээд нэмэргүй, гэмт хэрэгтний сэтгэлзүйтэй холбоотой гэж тайлбарлах хүмүүс ч байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ? -Нэг талаар зөв ойлголт. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр аллага, садар самуунтай холбоотой кино, нэвтрүүлгүүд их гаргадаг. Үүнээс болж хүчирхийлэл гарсан кэйс ч байгаа. Тухайлбал, долдугаар ангийн хүүхэд хоёрдугаар ангийн хүүхдийг хүчирхийлсэн байдаг. Байцаалтыг нь уншаад үзэхээр тэр хүүхэд садар самуун кино үзсэн, түүнийгээ туршсан гэж хэлсэн байсан.
Энэ тохиолдолд хариуцлага тооцох ёстой. Наад зах нь цагийн хязгаарлалттай гаргах хэрэгтэй. Энэ мэт маш олон талаас нь харж шийдэхгүй бол ганцхан цаазаар авах ялыг сэргээвэл гэмт хэрэг багасаж, асуудлаа шийдчих гээд байгаа юм биш.
Монгол Улс цаазаар авах ялыг хавтгайруулан хэрэглэдэг, харгис улс байгаагүй
-Үнэхээр таны болон иргэдийн хүсэлтээр тус ял сэргэлээ гэхэд эрсдэл бий юу? -Цаазаар авах ялыг хилсээр оноож, буруугүй хэн нэгнийг цаазаар авчихвал яах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Энэ маш том эрсдэл. Бид олон талаас нь харах хэрэгтэй. Гаднын улс орнуудын туршлагаас харж болно. Тухайлбал, Япон, Солонгос, Хятад орнуудад гэм буруутай гэдэг нь эргэлзээгүйгээр нотлогдлоо гэж үзвэл тодорхой хугацааны дараа цаазаар авах ялыг нь гүйцэтгэдэг туршлага байдаг. Бид энэ жишгээр явж болно. Гэхдээ Монгол Улс цаазаар авах ялыг хавтгайруулан хэрэглэдэг, харгис улс байгаагүй.
2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж байсан жишээг татвал эх орноосоо урвасан, хүний амь насыг онц хүндээр хөнөөсөн, бага насны хүүхдийг хүчирхийлсэн зэрэг долоон төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан. Үүгээр зогсохгүй цаазаар авах ял хязгаарлалттай байсан. Жишээлбэл, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн ч эмэгтэй хүн, насанд хүрээгүй хүүхдийг, цаашилбал 60-аас дээш насны эрэгтэй хүнийг цаазлахгүй гэж заасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан уучлал хүсэх эрхтэй байсан.
-Манай улс цаазаар авах ялыг хавтгайруулаагүй гэлээ. Энэ ялыг хэчнээн хүнд гүйцэлдүүлсэн байдаг вэ? -1965-2005 оны хооронд Улсын дээд шүүхээс 806 хүнд цаазаар авах ял оноосон гэдэг судалгаа бий. Үүнээс хэдэн хүнд Ерөнхийлөгч өршөөл үзүүлсэн бэ гэдэг нь тодорхой бус. Учир нь, цаазаар авах ял, гүйцэтгэх ажиллагаа нь төрийн нууцад хамаардаг болохоор нууц байдаг. Бид Америкийг ардчилсан улс гэдэг. Гэтэл тус улсын ихэнх муж цаазаар авах ялтай шүү дээ.
Хуульч Ё.Бямбатогтох: Үндсэн хуулийн цаазаар авах ялтай холбоотой хэсэг нь одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа |