ЧУУЛГАН: ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАГДСАНААР АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШНИЙ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТ ТОГТВОРЖИНО
УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.05.28/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр санал хураалт явуулахад дэмжигдээгүй тул ердийн горимоор хэлэлцүүлэхээр тогтов.
Үүний дараа “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улаанбаатар хотноо 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гарын үсэг зурсан "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т өөрчлөлт оруулах тухай протоколын төсөл байгуулагдсанаар газрын тосны хангамжийн салбарт хоёр улс хоорондын хамтын ажиллагаа өргөжнө. Мөн агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлт тогтворжих, "Чингис хаан" олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй нийлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид олон улсын стандартын шаардлага хангасан шатахууныг хямд үнээр нийлүүлэх боломж бүрдэх юм.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна гэж заасны 4 жил нь гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Ерөнхийлөгчөөр 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэснийг зөрчсөн байна гэж дүгнээд мөн өдрөөс 4 жил гэснийг Үндсэн хуулийн цэцэд Марган хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2026 оны 5 дугаар сарын 8-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв. Төсвийн төсөөлөлд нүүрсний олборлолт тогтвортой байж, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөж экспорт тогтвортой нэмэгдэнэ гэжээ. Мөн хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүд үр өгөөжөө өгөх ч Ойрх дорнодод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны үнэ өсөх, үйлдвэрлэлийн зардал нэмэгдэх, аж ахуйн нэгжүүдийн ашиг буурах, дунд хугацаанд хөрөнгө оруулалтын идэвх саарах төлөвтэй тул сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай талаар гишүүд сануулж байв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.