УИХ-ын гишүүн Р.Сэддорж Өмнөговь аймагт ажиллах үеэрээ аймгийн ууган сургууль болох Улсын тэргүүний 1-р сургуулийн багш, ажилтан албан хаагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр тэрбээр өөрийн санаачлан боловсруулж буй малчдын 6-7 настай хүүхдүүдийг гэрээр зайнаас сургах эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулж, Сургуулийн өмнөх боловсрол болон Ерөнхий боловсролын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд багш нартай санал бодлоо солилцов.
Тус хуулийн төсөл нь Монгол Улсын 160 мянга гаруй малчин өрхийн хүүхдийн боловсролын хүртээмж, тэгш боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа бөгөөд хөдөө орон нутгийн онцлог, бодит нөхцөлд нийцсэн чухал шийдэл болохыг уулзалтын үеэр онцоллоо.
Мөн багш, боловсролын салбарын төлөөллүүд хуулийн төслийн ач холбогдол, хэрэгжилтийн боломж, орон нутгийн нөхцөл байдалтай холбоотой санал, байр сууриа илэрхийлж, ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнөв.
Тус уулзалтад аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Б.Батдорж, Даланзадгадын сумын Засаг даргын орлогч Ө.Хосбаяр, аймгийн Боловсролын газрын дарга Д.Баасанхүү нар оролцлоо.