ЧУУЛГАН: ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.05.22/-ийн ээлжит хуралдаан үргэлжлүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг батласнаар манай улсын бизнесийн орчны олон улсад өрсөлдөх чадвар сайжрах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн татварын ачаалал буурна. Улмаар эдийн засгийн өсөлт нэмэгдэж, нийгмийн тогтвортой байдал бэхжих зэрэг эерэг үр дагавар гарна гэдгийг хууль санаачлагчид тодотгов.
Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Татварын хөнгөлөлтийн бодлогыг оновчтой, хүртээмжтэй болгох замаар иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, хялбаршуулсан горимоор тайлагнах татварын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, иргэдийн орон сууцжуулалтыг татварын бодлогоор дэмжих, татвар төлөгчдийн тайлан тушаах, татвар төлөх хугацааг хойшлуулах чухал ач холбогдолтой хуулийн төсөл гэдгийг онцоллоо.
Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Татвар төлөгчийн үйл ажиллагааны цар хүрээг харгалзан дотоод болон импортын НӨАТ-ын төлбөрийг хоёр хүртэл сарын хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлж, аж ахуйн нэгжийн мөнгөн урсгал, уян хатан байдлыг дэмжих боломж бүрдэх талаар тусгасан гэдгийг ажлын хэсэг онцоллоо.
Татварын тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг томилохыг гишүүдийн 71.9 хувь нь дэмжив. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ