ХЗБХ: ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ
Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2026.05.19/-ийн хуралдаан 53,6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Эрүүгийн хуулийн 13,14-р зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд,хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэж 10-р дүгнэлтээ гаргасан. Цэцийн дүгнэлттэй холбоотой Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй хамтатган чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах горимын санал 53,6 хувиар дэмжигдлээ.
Үргэлжлүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг нийслэл сум дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийн тухай, Монгол улсын их хурлын сонгуулийн тухай, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Өрийн удирдлагын тухай, Прокурорын тухай, Тагнуулын байгууллагын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг нийт 42 хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.