ЭЗБХ: ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГАД УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЗАЯАБАЛЫГ СОНГОХЫГ ДЭМЖЛЭЭ
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.05.20/-ийн хуралдааны эхэнд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 1991 онд батлагдсан энэ хууль нь Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжиж байсан түр шилжилтийн үед эдийн засгийн хямралыг даван туулах зохицуулалттай байв. Гэвч энэхүү хууль өнөөдрийг хүртэл хүчингүй болгоогүй хэвээр байгаа нь эрх зүйн орчны зөрчил, давхардлыг бий болгож, төрийн байгууллагын оролцоог албадлагын замаар хэт төвлөрүүлэх, компанийн засаглалын хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байгааг хууль санаачлагч хэллээ.
Үргэлжлүүлэн Эдийн засгийн байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгохыг гишүүдийн 83,3 хувийн саналаар дэмжин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал хураалтуудыг маргааш /2026.05.21/-ийн 09:00 цагт үргэлжлүүлэхээр боллоо.