“Гадаадын банк Монгол Улсын зах зээлд нэвтрэх боломж” сэдэвт дугуй ширээний уулзалт энэ сарын 20-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо боллоо. Уулзалтад Монголбанкнаас Төлбөрийн систем, технологийн газрын захирал Э.Анар, Банкны хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч Л.Мөнхбаатар, Г.Намуун нарын төлөөлөл оролцож, тус улсын системийн нөлөө бүхий хамгийн том дөрвөн банк болох “Күүкмин”, “Шинхан”, “Хана”, “Вүүри” банкнуудтай болон “Сити Банк Кореа”, “Какао” зэрэг банкны төлөөлөлтэй уулзлаа. Системийн нөлөө бүхий дээрх банкнуудын нийт актив Солонгос улсын банкны салбарын 70 хувийг эзэлдэг бол “Какао” банк нь орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан цахим банкны үйлчилгээг санал болгодог олон жилийн туршлагатай санхүүгийн байгууллага юм.
Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан тус уулзалтын үеэр Монголбанкнаас “Монгол Улсын банкны салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчин”, “Монгол Улсад гадаад улсын банкны салбар байгуулахад тавигдах шаардлага, бүрдүүлэх материал” сэдвээр, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос “Монголын санхүүгийн зах зээлийн байдал болон түүнд нэвтрэх боломж” сэдвээр тус тус илтгэл тавьж, дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Уулзалтын төгсгөлд Солонгосын банкнуудын зүгээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулах тохиолдолд ямар шалгуур, шаардлага тавьдаг, баримт бичгийн бүрдүүлбэрийг хэрхэн хийх тухай болон холбогдох хууль эрх зүйн орчиндоо гадаадын банктай холбоотой ямар өөрчлөлт, шинэчлэлт хийж байгаа тухай асууж тодруулснаас гадна талууд хоёр улсын банк, санхүүгийн салбарт хамтран ажиллаж буй өнөөгийн туршлага, цаашдын төлөвийн талаар санал солилцлоо.