ЧУУЛГАН: ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХИЙГ УРАМШУУЛАХ ТУХАЙ ХУУЛИАР ХҮҮХДИЙГ НАСААР НЬ ЯЛГАВАРЛАХ НӨХЦӨЛИЙГ ЗАСНА
УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.05.15/-ийн нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 92,5 хувийн саналаар эцэслэн батлав.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль санаачлагчид “Зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг олгож байна. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтаар урамшуулал авах болзолд “бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх”, “нас барсан хүүхэд нь 1 ба түүнээс дээш настай байсан байх” зэрэг нөхцөл тавигдаж байгаа нь Хүүхдийн эрхийн тухай конвенцыг зөрчиж, хүүхдийг насаар нь ялгаварлах гадуурхах нөхцөл бүрдүүлснийг засах, хүний эрхэм чанарыг хүндэтгэх төрийн үүргийг хангах ёстой. Тиймээс Энэхүү хуулийн төсөлд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд урамшуулал олгох шалгуурыг багасган, урамшуулал авахад тавигддаг дээрд дурдсан шаардлагуудыг хасахаар тусгасан” гэлээ. Хэлэлцүүлгийн явцад гаргасан зарчмын зөрүүтэй хоёр асуудлаар санал хураалт явуулж гишүүдийн олонх дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Мөн Цусны донорын тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд тус тус шилжүүлэв.
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Манай улс 1991 оноос хойш нийт 308 төсөл, арга хэмжээнд 33.4 их наяд төгрөгийн төслийн зээлийн хэлэлцээр байгуулснаас өнөөдрийн байдлаар 19.6 их наяд төгрөгийн хөрөнгийг ашиглаж 13.8 их наяд төгрөгийн ашиглаагүй үлдэгдэл байгаагийн 38 хувь нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийн үлдэгдэл санхүүжилт байгааг УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан онцлон хэллээ. Гишүүд асуулт асууж хариулт авч зээлийн хэлэлцээрийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулж 75,3 хувийн саналаар дэмжигдэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв