ТӨВ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМ 3600 ГА ТАЛБАЙД ТӨМС ТАРИНА
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгийн Жаргалант суманд ажиллалаа.
Манай улсын төмсний хэрэгцээний 60 хувийг Жаргалант сум дангаараа хангадаг. Энэ онд төмс 3600 га , улаан буудай 4000 га, тосны ургамал 3000 га, таримал тэжээл 4000 га бусад хүнсний ногоо 350 га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн байна.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал тус суманд ажиллах үеэр хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж байгаа хууль тогтоомж, бодлогын асуудлаар орон нутгийн иргэдэд мэдээлэл өгч, тариалан эрхлэгчдийн санал хүсэлтийг сонссон юм.
Сумын удирдлагууд уул уурхайн хайгуулын зөвшөөрөл олгохдоо анхаарах, сургуулийн өргөтгөл, цэцэрлэгийн барилга, Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт чиглэлийн 92.14 км хатуу хучилттай авто замын эхлэл Жаргалант суман дахь 11 км авто замын ажлыг эрчимжүүлэх, агрономчдын орон тоог нэмэгдүүлэхийг хүслээ.
Тарианланчид, төмсний үрийн хөнгөлөлт, усжуулалтын системийн шинэчлэл, техник худалдан авахад улсаас үзүүлэх дэмжлэгийг үргэлжлүүлж, төмс хүнсний ногооны үнийн хөөрөгдөлд анхаарах шаардлагатай талаар хэлэв.