Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өнөөдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд ажиллалаа. Тодруулбал, Алтай хотхонд байгуулах сургуулийн газар чөлөөлөлт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх асуудлаар газар дээр нь ажиллав.
Алтай хотхоныг анх 12 мянган айлын иж бүрэн цогцолбор хороолол нэртэйгээр байгуулсан. Хотхон дотор төрийн өмчийн сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн боловч харамсалтай нь уг төлөвлөлтийг хийж чадаагүй байна. Өдгөө тус хотхонд 21 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд хотхоны замын урд талын түрээсийн байранд 1200 орчим хүүхэд хоёр ээлжээр хичээллэж байгаа юм.

Иймд өнгөрсөн онд нийслэлээс тухайн орчимд үйл ажиллагаа явуулж байсан “Тайгам Алтай” ХХК-тай зөвшилцөн нэг га газрыг чөлөөлж, 960 хүүхдийн суудалтай сургууль байгуулахаар болсон. Гүйцэтгэгчээр “Бүрэн Одод” ХХК шалгарсан юм. Ийнхүү бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор сургууль байгуулах газарт өртөж буй ус, дулааны шугамыг үе шаттай шилжүүлсэн. Гэсэн хэдий ч “Магнус капитал” ХХК нь нийслэлийн өмчид бүртгэлтэй уг талбар дээрх өөрийн өмчийн бохир, дулааны шугамыг шилжүүлэх зөвшөөрлийг өгөхгүй байгаагаас үүдэн барилга угсралтын ажил зогсоод байна.
Уг асуудлаар “Бүрэн Одод” ХХК-ийн төлөөлөл “Бид нийслэлтэй хамтран “Магнус капитал” ХХК-ийн төлөөлөлтэй зөвшилцөх уулзалт зохион байгуулсан. Тухайн байгууллагын зүгээс хоёр нөхцөлөөр бохир, дулааны шугамыг шилжүүлэхийг зөвшөөрсөн юм. Тодруулбал, дулааны шугамыг туннелийн системээр хийх, бохирын насосын станцыг өөрийн урсгалаар хийвэл зөвшөөрнө гэсэн. Гэвч уг газар нь налуу бөгөөд бохирын шугам нь 700 метр тул өөрийн урсгалаар хийх ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймд манай байгууллагын зүгээс сургууль барих газрын хойд талд бохирын насосын станцыг шинээр барих саналыг дэвшүүлсэн боловч мөн л зөвшөөрөөгүй” гэсэн юм.
Техникийн хувьд бохир, дулааны шугамыг шилжүүлэхэд ямар ч асуудалгүй гэдгийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал тодотгож байлаа.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Олон нийтийн эрх ашиг хөндөгдөж буй энэ үед санаатайгаар сургууль барих ажлыг гацааж байгаа тул бид ч мөн адилхан хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, “Магнус капитал” ХХК-ийн өмч хувьчлалын асуудлыг шалгана. Мөн уг нэгж талбар нь нийслэлийн өмчийн газар тул “Бүрэн Одод” ХХК-д тухайн бохир, дулааны шугамыг шилжүүлэх зөвшөөрлийг өгч, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ” гэв.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС