ӨБХ: ИРГЭН ЦАХИМААР ӨРГӨДӨЛ ГАРГАХАД 14 ХОНОГТ БАГТААН ХАРИУ ХҮРГҮҮЛНЭ
Иргэн цахимаар өргөдөл гаргахад үйл явц, шийдвэрлэх хугацаа тодорхойгүй байгааг “Нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах журам”-аар зохицуулна гэдгийг өнөөдөр /2026.04.28/-ийн Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр танилцуулав. Журамд, өргөдлийн хариуг 14 хоногт багтаан өргөдөл гаргагчид хүргүүлэх, шаардлага хангасан эсэхээр долоо хоног тутам ангилах, 7-14 хоногт шаардлага хангасан хангаагүй өргөдлүүдийг нийтлэх зэрэг заалтууд туссан гэдгийг журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийнхэн хэлж байв.
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээллийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулав. Шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн өргөдөл, гомдлын 19,4 хувь нь гадаад улсад эмчлүүлэх зардал, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажиллах нөхцөл, цалин хөлсийг сайжруулах, эрүүл мэндийн даатгал, эмийн хөнгөлөлтийн талаар, 17,3 хувь нь боловсролын зээлийн сан, гадаад улсад боловсрол эзэмшихэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, аймаг орон нутгийн сургуулийн барилгын засвар, шинэчлэлийн талаар, 7,4 хувь нь нийгмийн хамгаалал, хөдөлмөр халамж, хөдөлмөр эрхлэлтийн талаар, 4,6 хувь нь хууль тогтоомжийн хэрэгжилт, өргөн баригдсан хуулийн төсөл, гэмт хэргийн хохирол шийдвэрлүүлэх, улсын төсвийн төсөл арга хэмжээнд хамрагдах зэрэг асуудлыг хөнджээ.
Хуралдааны төгсгөлд Өргөдлийн байнгын хороонд хамаарах хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Засгийн газрын хяналт, шинжилгээ, үнэлгээний цахим системд 2025 оны жилийн эцсийн байдлаар хяналт, шинжилгээ, үнэлгээ хийхэд гурван хуулийн 12 заалт 67,3 хувь, зургаан ажил 100 хувь хэрэгжсэн бол хэрэгжих шатанд дөрөв, хэрэгжээгүй хоёр заалт байна гэж дүгнэжээ.