УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг Монголбанканд ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг өчигдөр /04.27/ Монголбанканд ажиллаж, тогтоолд туссан арга хэмжээний хэрэгжилт, хууль эрх зүйн орчны уялдаа холбоо, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар уулзаж, санал солилцлоо.

Ажлын хэсэгт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого, Төсөв, Эдийн засгийн байнгын хороодын төлөөлөл ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулсан УИХ-ын гишүүдээс бүрдсэн баг ажиллаж байна.  

Тус тогтоолд макро эдийн засгийн орчны болон банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах мөнгөний бодлого хэрэгжүүлэх, гадаадын банкнуудад дотоодын зах зээлийг нээх, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, банкны салбарын реформыг эрчимжүүлж, зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг зохистой түвшинд хангах, төв банкны алдагдлыг бууруулах, валютын ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах, зээлийн хэт өсөлтөөс сэргийлэх зэрэг 10 гаруй чиглэлээр арга хэмжээ авч ажиллах талаар тусгасан юм.

Монголбанкнаас дээрх тогтоолын хэрэгжилтийн хүрээнд макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, үүсэж болзошгүй эрсдэл болон тус тогтоолын хэрэгжилтийг заалт тус бүрээр болон банк санхүүгийн салбарын эрх зүйн орчны шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Монголбанк инфляцыг тогтворжуулах зорилгоор бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх, хэрэглээний зээлийн өр-орлогын харьцааны дээд хязгаарыг чангаруулах мөнгөний болон макро зохистой бодлогыг хэрэгжүүлж, ханшийн хувьд эдийн засгийн суурь нөхцөлтэй уялдуулан зохицуулж буйг онцоллоо.

Мөн банк, санхүүгийн салбарын эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд гадаадын банкнуудыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах, стратегийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Ажлын хэсгийн гишүүд мэдээлэлтэй танилцаж, тогтоолын хэрэгжилт, банк санхүүгийн салбарын эрх зүйн зохицуулалтын уялдаа холбоо, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр цаашид идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ