Говийн бүсийн аймгуудын эрүүл мэндийн салбарын ажилчид мэдлэг туршлагаа солилцон, ажиллах арга зүйгээ сайжруулах “Эрүүл энхийн үйлстэн” үйл ажиллагаа өнөөдөр Өмнөговь аймагт боллоо.
Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж буй технологи, эмч эмнэлгийн ажилтнуудын ур чадвар, үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл зэрэг олон шалгуурыг харгалзан шилдэг баг хамт олныг шалгаруулж шагнаж урамшуулдаг тус арга хэмжээ Дорноговь аймагт 3 удаа болж байсан бөгөөд энэ жил бүсийн хэмжээнд Өмнөговь аймагт болж буйгаараа онцлогтой.
Эрүүл энхийн манаанд цаг наргүй зүтгэдэг цагаан нөмрөгт баатруудынхаа нэгдсэн томоохон үйл ажиллагаанд оролцож баяр хүргэхийн зэрэгцээ тухайн салбарт хөрөнгө оруулалт, санаачилсан ажлуудынхаа талаар ярьж, санал бодлоо илэрхийлсэн сайхан өдөр болж өнгөрлөө.