БОХХААБХ: 4.2 САЯ МАЛ ТӨЛЛӨЖ, БОЙЖИЛТ 98.2 ХУВЬТАЙ БАЙНА
2003 онд батлагдсан УИХ-ын 42 дугаар Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулж Баян-Өлгий, Сүхбаатар аймгуудад хамаарах 364 нэрийг өөрчилж, 2067 нэрийг шинээр нэмж батлуулахаар тусгасан төслийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2026.04.14/-ийн хуралдаанаар гишүүдийн олонх дэмжлээ. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт хамаарах 214805 баталсан нэр байдаг бөгөөд үүний 8767 нь Баян-Өлгий, 6941 нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах газрын нэр байна. Зарим газар зүйн нэр нь монгол хэлээр бус орос, казах, тува гэх мэт хэл дээр нэрлэгдсэн, үг үсгийн зөрүүтэй, хэл бичгийн дүрмийн алдаатай батлагдсан гэдгийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулгадаа дурдаж байв. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн 12 сумын 319, Сүхбаатар аймгийн 13 сумын 45 газар өөр хэлээр нэрлэгджээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлтийн явц болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Салбарын сайд “Зудын эрсдэлийн үнэлгээгээр нэг аймгийн хоёр сум төмөр зудын, 11 аймгийн 56 сум цагаан зудын, 16 аймгийн 77 сум цагаан зудархуу байдалтай гэж гарсан. Засгийн газар улсын аюулгүйн нөөцөөс 760 тонн өвс, 8.1 мянган тонн тэжээлийг зудын эрсдэл өндөр аймгуудад олголоо. Өнөөдрийн байдлаар 4.2 сая мал төллөж, бойжилт 98.2 хувьтай байна. Улсын хэмжээнд 372.7 мянган га талбайд үр тариа, 16 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо, 121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 га-д тосны ургамал гээд нийт 633.4 мянган га-д тариалалт хийсэн” гэв.
БОХХАА-н байнгын хорооны гишүүд Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг сонссон. Байнгын хороонд хамаарах 366 заалтаас бүрэн хэрэгжсэн 190, хэрэгжих шатанд 130, хэрэгжээгүй 29 заалт байгаа бөгөөд биелэлт 51.9 хувьтай байна. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Төрийн байгууллагуудын уялдаа, хуулийн төсөл боловсруулах шат дараалал, санхүүжилт зэргээс шалтгаалж хэрэгжилт хангалтгүй байна” гэв. Тайлантай холбоотой гишүүд асуулт асууж, саналаа хэлэх үеэр УИХ-аас баталсан хууль, тогтоомжийг хэрэгжүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох, бүтээмжийг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг сайжруулахад анхаарч ажиллахыг санууллаа.