ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА
УИХ-ын чуулганы /2026.03.30-31/ хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Ойрх дорнодын мөргөлдөөнтэй холбоотой нефтийн бүтээгдэхүүн, дизель түлш, шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл үүсэж байгаа тул Монгол Улсын Засгийн газрын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг яаралтай горимоор хэлэлцэх эсэх асуудлаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэнээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Үүний дараа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг тус тус сонсож хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн дүн шинжилгээний тайланг танилцуулав. Тайлангуудад хийсэн хяналт шинжилгээний дүнгээр 13 үр дүнгийн хэрэгжилтийн явцыг 2025 оны зорилтот түвшинтэй харьцуулахад дундаж үзүүлэлт 55,5 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн 67 үр дүнгийн хэрэгжилтийн дундаж 64,1 хувь, үйл ажиллагааны төлөвлөгөөний 575 зорилтын хэрэгжилтийн дундаж 66,4 хувь, 1213 арга хэмжээний хэрэгжилтийн дундаж 67,9 хувьтай гарсан байна.
УИХ-ын гишүүд төлөвлөлтийг оновчтой гаргах, хүрэх түвшинг тодорхой болгох, Үндэсний аудитын газрын зөвлөмжийг хэрэгжүүлэх, төсвийн хэмнэлтийн хуулийг хүчингүй болгох, төрийн албан хаагчдын гаргадаг тайланг цөөлөх, хиймэл оюун ухаанд суурилсан технологи нэвтрүүлэх зэрэг санал хэлж, зарим яамдын төллөөлөөс асуулт асууж хариулт авлаа.