“Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн болон хүн худалдаалах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна
Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны санхүүжилтээр Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн болон хүн худалдаалах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа сэдэвт сургалтыг энэ оны 03 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтаар хүүхдийн эсрэг болон хүн худалдаалах гэмт хэргийн шинж, хэлбэр, чиг хандлагын талаар өргөн мэдлэг олж авахын зэрэгцээ энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, баримтжуулах, мөрдөн шалгах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах арга зүйд суралцах юм.
Түүнчлэн хохирогч хүүхэдтэй ажиллах зөв арга барил, хохирогч төвтэй хандлагыг хэрэгжүүлэх, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй холбоотой нотлох баримтыг илрүүлэх, цуглуулах, хамгаалах аргачлалын талаар мэдлэг, туршлага хуримтлуулж, олон улсад мэдээлэл солилцох, цаашид ажил, албандаа хэрэгжүүлэх практик ур чадвараа нэмэгдүүлэх боломжтой.
Сургалтыг Америкийн Нэгдсэн Улсын Холбооны мөрдөх товчооны мэргэшсэн сургагч багш нар удирдан явуулж байна.