СҮХБААТАР АЙМГИЙН БАГШ НАР БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХЫГ ХҮСЛЭЭ
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар Сүхбаатар аймгийн боловсролын салбарын 350 гаруй төлөөлөлтэй энэ сарын 4-нд уулзах үеэр багш нар “боловсролын системийг боловсронгуй болгох”-ыг хүслээ.
Мөн боловсролын салбар дахь жендерийн асуудал, багш нарын хөдөлмөрийн нөхцөлийг “хүнд нөхцөл”-өөр тооцох, сурагчдын гадаад хэлний хөтөлбөрт онцгой анхаарах, насан туршийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулах шаардлагатайг хэлж байв. Түүнчлэн, орон нутгийн сургууль, цэцэрлэгийн барилгуудад их засвар хийх, өргөтгөх, шинээр барих, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдвэрлэх хэрэгтэй талаар саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн “Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Хүн болох багаасаа” хүүхдийн хөгжлийг дэмжих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэл, эцэг эхийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн туршлага, үр дүнд тулгуурлан Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийг санаачлан боловсруулсан” гэв.