МАН: БАГА ХУРЛЫН II ХУРАЛДААН "ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДӨРВӨН ЗАМ, ДӨРВӨН ЧӨЛӨӨЛӨЛТ" УРИАТАЙ ЭХЭЛЛЭЭ
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай өнөөдөр /2026.02.27/ Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Бага хурлын шинэчилсэн бүрэлдэхүүн 597 гишүүнтэй. II хуралдаанд 583 гишүүн оролцохоор бүртгүүлжээ. Бага хурлын гишүүдийн хамгийн ахмад нь Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга асан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын багш, 80 настай Б.Даш-Ёндон, хамгийн залуу нь 24 настай Д.Баасандорж нар байна.
Хуралдааны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, орлогч даргаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нарыг сонгож батлав. Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн танилцуулснаар Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр боллоо.
Хуралдаан Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэлээр эхэллээ. Тэрбээр "Улс төрийн нам бол амьд организм. Буруу зуршлаа таягдан хаяж зөв хэвшилд дардан суралцаж өөрсдийгөө баригдмал сэтгэлгээнээсээ чөлөөлж байж Ардын нам ардынхаа итгэлд эргэн ирнэ. Түмнийхээ сэтгэлд дахин төрнө хэмээх зорилго бол миний үзэл санааны чиг шугам юм. Тус дэм бэрхийг нь туулж бүтээсээр ирсэн МАН шинэ сорилтын өмнө ирлээ. Аливаа шинэ сорилт болгон шинэ түүх бүтээх боломжийг эрэлхийлдэг МАН-ын 105 жилийн ой эх орончдын баярыг тэмдэглэхийн утга учир нь ч алдаагаа засаад ололт амжилтаа амжилттай бататгаад шинэ түүхээ бүтээхэд оршино. Ардын нам урвасан ч босдог нам уруудсан ч өсдөг нам гэдгээ ахин батлан харуулах нь өнөөгийн бидний үүрэх ачаа туулах зам. Өнөөдөр та бид Ардын нам ардынхаа итгэлт эргэн ирэх замаа хамтдаа зураглана" гэдгийг илтгэлдээ онцлов.
Харин намын Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд Г.Занданшатар "Манай Засгийн газар эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрт хүргэх зорилготой цэгцрэх 300 хоногийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтөө иргэн бүртээ хүртээсэн Засгийн газар байхын тулд бодлогын шат дараалсан шинэчлэлүүдийг хэрэгжүүлнэ" гэлээ.
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан ихээхэн онцлогтой. Учир нь Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хороо тус бүр салбар хуралдааныг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийж бодлогын шийдлүүдийг гарган Бага хуралд танилцуулах юм.