ОРОН НУТАГТ ЗАСАГЛАЛЫН БИЕ ДААСАН БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТУЛД ТӨРИЙН АЛБАНЫ РЕФОРМЫГ БОДИТООР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Уламжлалт мал аж ахуй, аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлэхээр тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон хангайн бүсэд УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ажиллалаа. Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын төлөөлөл төрийн үйлчилгээний хүртээмж, орон нутагт чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлууд, бүтээн байгуулалтын төслүүдийн явц болон иргэдийн амьдралд тулгарч буй асуудлуудыг бодитоор тодорхойлж, шийдлийг шуурхай хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм.
Хангайн бүсийн иргэд хөдөлмөрчидтэй уулзах үеэр УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилга болон хөдөөгийн хөгжлийг дэмжсэн бодлого, үйл ажиллагаанаас танилцууллаа. Мөн тэрээр орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ гэдгийг Хангай бүсийнхэнд онцолсон.
Түүнчлэн орон нутагт засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэх ажил төрийн албаны иж бүрэн реформоос эхлэх учиртайг УИХ-ын дарга очсон аймаг сум бүртээ тодотгов. Төрийн албан хаагчдын гүйцэтгэлийг бодитоор үнэлдэг болсон цагт бүтээмж нэмэгдэж, боловсон хүчний нөөц ч сайжирна гэлээ. Мөн босоо удирдлагын тогтолцоог халж, бичиг цаас, олон шат дамжлагуудаас чөлөөлж, албан хаагчдын бодит гүйцэтгэлд тулгуурлан цалин, урамшууллыг олгодог байхаар хуульчлах ёстойг дурдав.
Аймаг сум, нийслэл хотод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ачааллын ялгаатай байдлыг арилгаж, салбарын реформыг сууриар нь хэрэгжүүлсэн цагт орон нутагт эрх мэдэл шилжиж, засаглалын бие даасан байдал хангагдах үндэс бүрдэнэ гэдгийг УИХ-ын дарга хэлж байлаа. Иймд энэ хаврын чуулганаар Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.