Говийн бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Тус барилгыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар төмөр бетонон карказ, төмөр металл фасадтайгаар барьж, том оврын аврах болон тусгай зориулалтын автомашины зогсоол, алба хаагчдын ажиллах тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, орчин үеийн стандартад нийцсэн байдлаар ашиглалтад орууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон холбогдох албаны төлөөлөгчид оролцов.
Шинэ барилга ашиглалтад орсноор гал түймэр унтраах, аврах ажиллагааг шуурхай, аюулгүй, үр дүнтэй зохион байгуулах нөхцөл бүрдэж, алба хаагчдын ажиллах орчин стандартын шаардлагад нийцэн сайжирч байна. Мөн иргэдэд гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын мэдлэг олгох сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулах боломж бүрдсэнээрээ ач холбогдолтой юм.
Тус анги нь Ханбогд сум, хөрш зэргэлдээ Баян-Овоо, Манлай сумдын 50 мянга гаруй иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж байна.