Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Фридрих-Эбертийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр шинээр томилогдсон Кристоф Хойзерыг өнөөдөр /2026.01.14/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Ардын намын дарга Н.Учрал түүнтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд, Фридрих-Эбертийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр томилогдсонд баяр хүргэсэн юм.

Мөн тэрбээр “Монгол Ардын нам бол Фридрих-Эбертийн сантай олон жилийн хамтын ажиллагаатай, намын бодлого үйл ажиллагааг дэмжиж ирсэнд талархалтай байдаг. Ялангуяа намын дэргэдэх ТББ болон сургалт, судалгааны хүрээлэнгүүдийг дэмжиж ажиллах, намын гишүүдийг чадавхижуулах тал дээр анхаарч ажиллаасай гэж хүсч байна. Миний бие Залуучуудын холбооны ерөнхийлөгч байх хугацаандаа Фридрих-Эбертийн сантай залуучуудын хөгжлийг дэмжсэн олон хөтөлбөр судалгаан дээр хамтран ажиллаж байсан. Энэ утгаараа цаашдын хамтын ажиллагааг ч мөн идэвхтэй үргэлжлүүлж, илүү үр дүнтэй байлгах тал дээр анхаарч ажиллах болно гэдгээ хэлмээр байна” гэлээ.

Харин Фридрих-Эбертийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Кристоф Хойзер хэлэхдээ “Монгол Ардын намын дарга ийнхүү хүндэтгэн хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Бидний стратегийн харилцаа маш олон талын ач холбогдолтой. Монгол Ардын нам, Германы Социал Демократ нам хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд Фридрих-Эбертийн сан үүрэг оролцоотой байх болно. Манай сангийн хувьд бид залуучуудын хөгжлийг дэмжин ажилладаг. Таны ийнхүү ач холбогдол өгч хүлээн авч уулзаж байгаа нь хамтын ажиллагаагаа эхнээс нь үр дүнтэйгээр улам дэлгэрүүлэх, олон түвшинд хөгжүүлэх боломж байна гэж харж байна” гэсэн юм.

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Фридрих Эбертийн сан нь 1991 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан эхэлсэн юм. Тус сан нь Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоог илүү тогтвортой болгох, эдийн засгийн өсөлтийг нийгмийн ардчиллын замаар өрнүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн байдлаас үл хамааран хүн бүрийн нийгмийн суурь баталгааг дэмжих зорилгоор засаг захиргаа, улс төрийн түншүүдтэй хамтран ажиллаж байна.
Уулзалтад Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн, намын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Өлзийжаргал, Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь салбарын захирал Б.Сарангуа нарын албаны хүмүүс оролцлоо.
