Зорчигчид автобусны буудлын дулаан зогсоолыг эвдэлж, эд зүйлсийг нь хулгайлсны улмаас түр хаасныг өнөөдөр нээж байна.
Цаг агаар эрс хүйтэрсний улмаас автобус хүлээх иргэд "Дулаан зогсоолуудыг ажиллуулахгүй байна" гэх гомдлыг гаргаж эхэлсэн.
Энэ талаар НЗДТГ-аас тодруулахад “Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд автобусны 70 орчим дулаан зогсоол байдаг. Тухайлбал, СХД-ийн хэмжээнд нийт автобусны 24 дулаан зогсоол байгаа бол үүний 19 нь хэвийн ажиллаж, 5 зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгсөн байна. БЗД-ийн хэмжээнд 12 дулаан зогсоол байдаг бөгөөд 7 нь хэвийн ажиллаж байна. Харин 5 зогсоолын тухайд эд хогшил нь хулгайд алдагдсан, зорчигчид цонх, шилийг нь хагалсны улмаас түр хаасан байна.
Өнөөдөр 2 зогсоолыг засаж, нээсэн. ХУД-ийн хэмжээнд автобусны дулаан 6 зогсоол байгаа бөгөөд 3 нь хэвийн ажиллаж байна. Хаалттай дулаан зогсоолуудыг засаж, өнөөдрөөс өглөөнөөс нээж эхэлсэн” гэлээ.