ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМЫН 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 320 хүүхдийн сургуулийн барилга ашиглалтад орж, хүүхэд багачууд ая тухтай, цэвэрхэн, эрүүл, тохилог орчинд суралцах боломж бүрдлээ.
Тус сургуулийн хуучин барилга нь модон хийцлэлтэй 1970 онд ашиглалтад орсон бөгөөд барилгын хана, туурга нь өгөршин муудаж мөөгөнцөр үүсэж багш, сурагчдын суралцах орчин нөхцөлийг хангахгүй болж, эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулахуйц нөхцөл байдал үүссэнийг 2012 онд Эрүүл зүйн бичил амь судлалын шинжилгээний дүгнэлт, Эрүүл ахуйн халдвар судлалын шинжилгээний дүгнэлт, 2014 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг зогсоох тухай дүгнэлт тус тус гаргасан байдаг.
Иймээс сум, орон нутгийн удирдлага, багш ажилчид, сурагч, эцэг эхчүүдийн тавьсан хүсэлтийн дагуу 320 хүүхдийн сургуулийн барилгыг улсын төсөвт тусгуулж, 2018 онд барилгын ажил эхэлсэн боловч зургаан жилийн хугацаанд гүйцэтгэгч “Зос трейд” ХХК барилгын ажлыг удаашруулж, төсөвт өртгийг 4 удаа нийт 3,6 тэрбум төгрөгөөр үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, гэрээний үүрээ биелүүлээгүй тул 2024 онд “Авлигатай тэмцэх газар”-т тус компанийг шалгуулахаар хүсэлт өгсөн юм. Авлигатай тэмцэх газраас тус компанид гэрээний үүргээ биелүүлэх шаардлага тавьж хяналт хийж ажилласнаар “Зос трейд” компани барилгыг ажлыг 2025 онд барьж ашиглалтад оруулаад байна.
Энэ олон бэрхшээлийг давж, 320 хүүхдийн сургуулийн барилга ашиглалтад орж хүүхэд багачууд маань ая тухтай орчинд суралцах бүрэн боломжтой боллоо.
Мөн шинэ сургуулийн барилга ашиглалтад орсноор тавилга тоног төхөөрөмж шаардлагатай байгаа талаар сургуулийн захирал А.Отгонбаярын ирүүлсэн хүсэлтийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд уламжилж 140 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдүүлж хүлээлгэн өгснөөр Чандмань-Өндөр сумын сурагчид олон жил хүлээсэн, шинэ сургуульдаа хичээллэж эхлээд байна.