Наадмын урт амралттай зэрэгцсэн аюул “УСНЫ ОСОЛ“ байдаг

Баяр наадмын урт амралт эхлэх дөхөж, хамаг хувцсаа баглаад хаашаа ч хамаагүй гараад давхичихмаар гэгэлзсэн өдрүүд үргэлжилж байна. Энэ жилийн баяр наадмаар 10 хоног амрах учраас гол ус бараадаж, аялж зугаалах урсгал нэмэгдэнэ. Үүнийг дагаад "Усанд эндлээ" гэх харамсалтай мэдээ чих дэлсэж, сэтгэл чилээдэг нь нууц биш. Жил бүр баяр наадмын дараа ОБЕГ-аас "Баяр наадмын амралтын үеэр усны ослоор тэдэн хүн энджээ" гэх мэдээлэл цацагдаж, нийтээрээ халаглаж, хариуцлагатай байхыг хэдэн биенээсээ шаарддаг ч хэдхэн хоноод л мартчихдаг.

Тиймээс бид баяр наадам дөхсөн энэ цаг мөчид өмнөх жилүүдэд баяр наадмын амралтаар хэчнээн хүн усанд осолдож, харамсалтайгаар тэнгэрт дэвшснийг нэхэн сануулж байна.

НААДМЫН АМРАЛТААР УСНЫ ОСЛООР АМЬ НАСАА АЛДСАН ХҮНИЙ ТОО:

2017 оны БАЯР НААДМЫН АМРАЛТ: 12 хүн

2018 оны БАЯР НААДМЫН АМРАЛТ: 4 хүн

2019 оны БАЯР НААДМЫН АМРАЛТ: 14 хүн

2020 оны БАЯР НААДМЫН АМРАЛТ: 17 хүн

2021 оны БАЯР НААДМЫН АМРАЛТ: 26 хүн

2022 оны БАЯР НААДМЫН АМРАЛТ: 20 хүн

2023 оны БАЯР НААДМЫН АМРАЛТ: 8 хүн

2024 оны БАЯР НААДМЫН АМРАЛТ: 24 хүн

Энэ бол зөвхөн баяр наадмын амралтын өдрүүдэд усны ослоор амь насаа алдсан хүний тоо.

Ердөө хэдхэн хоногийн дотор гэхэд дэндүү их тоо. Үүний ард хэчнээн гэр бүл өнчрөл хагацлын хатуу зовлонг туулж буйг хэлэхэд бэрх.

Хамгийн харамсалтай нь үүний дийлэнх нь бага насны хүүхдүүд. Эцэг эхийн анхаарал хором сарнихад л энэ тоо нэгээр нэмэгдэж, алдрай бяцхан үрс аврал эрсээр энэ хорвоог орхидог. Энэ жил өмнө жилүүдээс урт амрах учраас энэ тоо нэмэгдэх эрсдэлтэйг албаныхан анхааруулж сэрэмжлүүлсээр байна. Тодруулж хэлбэл, өмнө жилүүдэд долоодугаар сарын 10-15-ны хооронд амардаг байсан бол энэ жил долоодугаар сарын 18-ны баасан гарагийн ажлын өдрийг эс тооцвол 10-21 хүртэл урт амарна.

Олон хоногийн амралт эхлэх дөхсөнтэй холбоотойгоор холбогдох албаныхан өдөр бүр шахуу шахуу сэрэмжлүүлэг гаргаж, ард иргэдээ усанд осолдохоос мянгантаа сэрэмжлүүлж байгаа ч тогтож харж, толгойдоо эргэцүүлж байгаа хүн ховор. Үнэн хэрэгтээ усны осол нь хувь хүний хариуцлагатай шууд холбоотой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд ороогүй бол, гол усны ойролцоо бяцхан үрсээ хараа хяналтгүй орхиогүй бол өнөөдөр хэдэн амь бидний дэргэд байх байсныг тааварлашгүй.

"УСНЫ ОСОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛ, БОЛГООМЖГҮЙ ҮЙЛДЛЭЭС ШАЛТГААЛЖ БАЙНА"

Бид усны ослын өнөөгийн нөхцөл байдал болон баяр наадмын үеэр гол ус бараадахдаа юуг анхаарч, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэнгээс тодруулахад, "Улсын хэмжээнд /2025.07.07/ байдлаар 12 аймгийн 26 суманд 42 удаагийн гол, усны ослын тохиолдол бүртгэгдэж, 26 иргэн амь насаа алдсаны 8 нь хүүхэд байна. Онцгой байдлын байгууллагаас гол, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд томоохон гол, нуурын эрэг дагуу завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийг ажиллуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Гол, усны осол нь иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдэл болоод бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхисон зэрэг нийтлэг шалтгаанаас үүдэж байгаа тул баяр наадмын амралтын өдрүүдэд аялж, зугаалгаар хөдөө, орон нутгийг зорьж байгаа иргэдийг сонор, сэрэмжтэй байж, тухайн газар орныхоо онцлогийг судалж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна” гэлээ.

Усны осол хоромхон зуурын хариуцлагагүй үйлдлээс үүддэг учраас алхам тутамдаа АНХААРАЛ, БОЛГООМЖТОЙ БАЙЦГААЯ!!!

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ