БНСУ-ын Гёнги мужийн Галын албаны академиас зохион байгуулж байгаа “Олон улсын гал сөнөөгчдийн сургалт”-д төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдлаа.

Энэ сарын 21-30-ны өдрүүдэд болсон тус сургалт нь хоёр улсын Онцгой байдлын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, гал түймэр, аврах ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, орчин үеийн арга зүй, тоног төхөөрөмжийн хэрэглээг судалсан гэдгээрээ онцлог юм.

Сургалтын үеэр оролцогчид БНСУ-ын гал түймрийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны онцлог, гамшгийн удирдлагын тогтолцоо, гал түймрийн онцгой нөхцөл байдлын үед ажиллах дадлагад хамрагдлаа.

Мөн тусгай хариу арга хэмжээний багийн тоног төхөөрөмжийн танилцуулга, утаат орчноос аврах сургалт, химийн ослын хариу арга хэмжээ, олсоор аврах дадлага зэргийг багтаасан цогц хөтөлбөрийн хүрээнд сургалт, дадлагыг зохион байгуулсан юм.

Түүнчлэн “Самсунг электроник”-ийн галын тусгай ангийн үйлдвэрийн галын аюулгүй байдлын менежментийн системтэй газар дээр нь танилцахын зэрэгцээ Гёнги мужийн Иргэдийн аюулгүй байдлын төв болон БНСУ-ын Галын технологийн хүрээлэнд зочилж, гал түймэр, ослын үед ашигладаг орчин үеийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн үйл явцтай танилцлаа.