Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: “Эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эртнээс зохион байгуулах шаардлагатай”
МУ-ын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабт ажиллаж, 21 аймаг, нийслэлийн Шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахимаар холбогдон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцов.
“Энэ жил байгалийн гамшгийн эрсдэл нэмэгдэж, түймэр, ган, үерийн аюул өндөр байна. Иймээс урьдчилан сэргийлэх ажлыг эртнээс зохион байгуулж, өвөлжилтийн бэлтгэлээ хангах нь чухал” гэж Шадар сайд онцоллоо.
Ойн түймэр:
Он гарснаас хойш улсын хэмжээнд 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 204 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс тав дахин өссөн байна. Одоогоор 456 алба хаагч, 29 автомашин, 1 нисдэг тэрэгтэй баг ажиллаж, 14 түймрээс наймыг бүрэн унтраахаар, зургааг хяналтад авч ажиллаж байна. Иймээс ойн ашиглалт, цэвэрлэгээг зохион байгуулж, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай.
Өвөлжилтийн бэлтгэл:
Цөлжилт, хуурайшилт улсын нийт нутгийн 76 хувьд нөлөөлж байгаа тул өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, отор нүүдлийг оновчтой зохион байгуулах, малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг эртнээс төлөвлөн хэрэгжүүлэхийг анхааруулав.
Эрчим хүч:
Эрчим хүчний станцын найдвартай ажиллагааг хангах, шугам сүлжээний засвар үйлчилгээ, түгээлт, нийлүүлэлтийн хяналтыг сайжруулах.
Цаг агаар, гамшгийн эрсдэл:
Ирэх наймдугаар сард хур тунадас, аянга, үерийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгаа тул үерийн аюултай бүсээс нүүлгэн шилжүүлэх бэлтгэл хангах, олон нийтэд цаг тухайд нь мэдээлэл хүргэх.
Эрүүл мэнд:
Улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө тандалт судалгаа хийх, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах
Боловсрол:
Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээг эрүүл ахуйн шаардлагын дагуу хийж, хүүхэд багачуудад эрсдэлийн талаарх мэдлэг олгох сургалтыг нэмэгдүүлэхийг чиглэл болголоо.
Эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдал, урьдчилсан сэргийлэлт нь нэг байгууллага, нэг хүний үүрэг биш юм. Аюулгүй байдал, амьдрах баталгаа, эрсдэлгүй орчин, хүний амь нас, эрүүл мэнд нь төр, иргэн, аж ахуйн нэгжийн ухамсартай хамтын ажиллагаа, хариуцлагаас нягт хамаардаг.