Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

Н.Уртнасан: Ирээдүйд үүсэх эрсдлээс 5-10 дахин хямд өртгөөр сэргийлэх боломж байна

Ойн салбарынхан Төрийн ордонд чуулж байна. Үндэсний чуулганд танхимаар болон цахимаар 1000 гаруй төлөөлөгч оролцож байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Байгаль орчны тулгамдсан асуудал, цаашид шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл тавив.

Тэрбээр “Эх дэлхий бол хүн төрлөхтөн бидний цорын ганц гэр орон. Хүн үүсч бий болсон цагаасаа байгалийн үр өгөөжийг хүртэн амьдарч ирсэн. Хүний буруутай үйл ажиллагаа, бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ, үйлдвэрлэлээс үүдэлтэй байгалийн нөөцийн хомсдол, доройтол дэлхийн нийтийн өнөөгийн тулгамдсан асуудал болоод байна.

НҮБ-ын 2020 онд гаргасан тайланд дэлхийн хуурай газрын 1/3 хувь буюу 4.2 тэрбум га талбай эвдрэлд орж, 1990 оноос  хойш 178 сая га ойн талбай утсаж үгүй болсон гэсэн судалгааг дэлхийн нийтээр гаргаад байна. Энэ нь дэлхийн хүн амын 3.2 тэрбум орчим хүний амьдралд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн үг юм.

Дэлхийн 7.8 тэрбум хүний хэрэглээ 2030 он гэхэд дэлхийн нөөц боломжоосоо даруй 1.5 дахин хэтрэхээр тооцоолол гарсан байна. Иймээс дэлхийн улс орон иргэн бүр өөрийн ахиу амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ үрэлгэн хэв маягийг эрс өөрчилж байгальд илүү ээлтэй ногоон хөгжлийн хэв загварт шилжих шаардлага бидний өмнө тулгарч байна.

Манай оронд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хэд дахин хүчтэй явагдаж байна. Үүний улмаас байгаль цаг агаараас ихээхэн хараат байдаг эдийн засгийн салбаруудад илүүтэй эрсдэл учирч гол мөрөн устаж, хатаж ширгэх, мөнх цэвдэг мөстөл хайлах, хөрс, бэлчээр доройтон цөлжих, байгаль цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ эрс нэмэгдэж байна.

2020 оны судалгаагаар нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120 сая га талбай цөлжилт, газрын доройтолт өртөөд байна. Цөлжилт, газрын доройтлын 51 хувийг уур амьсгалын өөрчлөлт, 49 хувийг хүний хүчин зүйлээс нөлөөтэй үүсч байгааг судлаачид тогтоогоод байна.

Монгол Улс дэлхийн нийтийн чиг хандлага, тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичгийг баталж, байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээж, хомсдлыг бууруулан, ашиглалтын нөөцийг бий болгож, байгалийн үр өгөөжийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд цэнгэг усны нөөц, ойн сан бүхий газар, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалттай газар нутгийн тоо хэмжээг 2030 онд 30 хувьд, 2050 онд 35 хувьд хүргэх, ойжуулах, нөхөн сэргээх, хамгаалах замаар ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нийт газар нутгийнхаа 9 хувьд, 2050 онд 10.5 хувьд хүргэж, нүүрс хүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, нэн хүчтэй болон хүчтэй доройтолд өртсөн газар нутгийнхаа хэмжээг нэмэгдүүлэхгүй, хязгаарлах зэрэг олон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Дэлхийн нийтийн өмнө тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөд улс орнууд онцгой анхаарал хандуулж байгаа яг энэ цаг үетэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы индер дээрээс цөлжилтийг сааруулах, хүнлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх зорилгоор тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах санаачилгыг гаргаж, энэ ажил улс орон даяар эхлээд байна.

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хурлаар Их Британи, Умард Ирландын хаант улсын санаачилсан ой газар ашиглалтын асуудлаарх Глазгоугийн тунхаг батлагдсан. Энэ тунхагт одоогийн байдлаар дэлхийн ойн талбайн 90 гаруй хувь буюу 3.6 тэрбум га талбай бүхий 141 орон нэгдээд байна.

Энэ нь Парисийн хэлэлцээрийн дагуу 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Түүнлчэн хөгжиж буй орнуудад зориулан жилд 100 тэрбумаас доошгүй ам.долларын санхүүжилтийг бүрдүүлэхээр улс орнуудын Төрийн тэргүүн нар тохиролцсон нь Глазгоугийн чухал шийдвэрүүдийн нэг болсон юм.

“Тэрбум мод” тарьж ургуулах ажлыг дараах хоёр арга замаар хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулж эхлээд байна. Үүнд

  • Ойт хээрийн шилмүүст, навчит болон говийн бүсийн заган ойг сэргээж ойн санг 300.000 га талбайгаар нэмэгдүүлэх
  • Тариалангийн талбай, авто болон төмөр зам орчмын газарт хамгаалалтын ойн зурвас байгуулах, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, жимс, жимсгэний мод тарих замаар 293.000 га талбайг агро-ойжуулалт хийж хэрэгжүүлэх гэсэн хоёр арга замаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Ингэснээр нийт газар нутгийн 0.38 хувьтай тэнцэх талбайд тэрбум мод тарьж, ургуулах боломжтой гэж урьдчилан тооцоолж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг төрийн байгууллагууд манлайлан, иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон олон улсын байгууллагуудынхаа идэвхи санаачилгыг дэмжиж хамтран ажиллана. Хот суурин газрын ногоон байгууламж ийг нэмэгдүүлэх, ойн салбарын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, бэлчээр хамгаалах, төсөв санхүүгийн зохицуулалтыг сайжруулах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох нэн шаардлагатай байна. Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулахаар ажиллаж байна.

БОАЖЯ бодлого зохицуулалтаар хангаж, ойг нөхөн сэргээж, ойн санг нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэхэд илүү анхаарч ажиллана. Түүнчлэн агро ойг хөгжүүлэх, хөрсний доройтлыг бууруулах, эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, ус, эрчим хүч, хэмнэлттэй ногоон технилоги нэвтрүүлэх, санхүүгийн оновчтой механизмыг бий болгох, бүрдүүлэх, мөн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зэрэг ажилд холбогдох яам, салбар дундын зохицуулалтыг хангаж ажиллах шаардлагатай байна.

БОАЖЯ-ны бүтцэд Ойн бодлого зохицуулалтын газар, Ойн судалгаа хөгжлийн төв, орон нутагт 7 ойн алба, 42 сумын болон сум дундын ангид нийтдээ 1000 орчим мэргэжилтэн ажиллаж байна. Улсын хэмжээнд 1078 ойн мэргэжлийн байгууллага, 1342 ойн нөхөрлөл нийт 4.5 сая га талбайг, 131 аж ахуйн нэгж 627.4 га ойн санг хариуцан хамгаалж байна.

Ойн агентлагийн байгуулах асуудлаар Ойн тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Цаашид ойн салбартаа бид ойрын 3 жилдээ 7000 гаруй мэргэжилтэй боловвсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлагатай байгаа.

Монгол Улс байгаль орчны салбарын олон улсын 17 гэрээ, конвенцид нэгдэн орсон байна. Нийт 22 олон улсын байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ойн усан хангамжийн чиглэлээр 21 төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын санхүүжилт 2016 оноос хойш улсын төсвийн нийт зардлын хэмжээнд эзлэх хувь нь жил бүр тогтвортой өсч байгаа. 2021 онд 1.54 хувьд хүрсэн хэдий ч ДНБ-ний дөнгөж 0.27-0.39 хувийг эзэлж байна.

Сүүлийн 5 жилд ойжуулалтын хөтөлбөрт нийтдээ 33.8 тэрбум төгрөг зарцуулсан нь тухайн жилүүдэд батлагдсан төсвийн 6.9 хувийг эзэлж байна. Цаашид байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд ДНБ-ний 1 хувиас доошгүй хөрөнгийг зарцуулах шаардлагатай гэж тооцоолж байна.

Тэрбум мод тарихад шаардагдах санхүүжилтийн

  • 30 хувийг орон нутгийн төсвөөс
  • 46 хувийг хувийн хэвшлээс
  • 19 хувийг олон улсын байгууллагаас
  • 5 хувийг иргэд, олон нийтээс бүрдүүлэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоог эрдэмтэн, судлаачид, байгаль орчны салбарынхан гаргаад байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн орлогын хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа. 2012 онд 40 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 112 тэрбум болж өссөн байдаг. Энэхүү төлбөрийн орлогоос хамгийн багадаа 15-85 хувь буюу 25-30 тэрбумаас доошгүй төгрөгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хуулийн зохицуулалттай. Гэвч хуулийн хэрэгжилт улсын хэмжээнд туйлын хангалтгүй. Сүүлийн 5 жилд дунджаар 38 хувийн гүйцэтгэлтэй байна.

Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журамд байгалийн нөөц ашигласан төлбөрийн орлогыг зөвхөн тухайн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар тусгасан. Гэвч тухайн нөөцийг хамгаалахад зарцуулах гэсэн уг заалтыг цаашид өөрчилж байгалийг хамгаалах, нөхөн сэргээхэд нөөц харгалзахгүй зарцуулах нэмэлт өөрчлөлтийг оруулах журмын шинэ төслийг боловсруулаад байна.

Энэхүү шинэ журмыг хэрэгжүүлсэнээр “Тэрбум мод” тарихад орон нутгийн төсвөөс зарцуулах орлогын хэмжээ нэмэгдэж, хуулийн хэрэгжилт  ил тод, зөв зохистой зарцуулагдах боломж нээгдэх юм.

Монгол орны усны нөөц 564.8 км куб бөгөөд

  • Нуур тойром -500 км3
  • Гол мөрөн 34.6 км3
  • Мөстөл 19.4 км3
  • Газрын доорх ус 10.8 кмбайна.

Цаашид жилд дунджаар 100 сая мод тарихад 300 сая км3,  Тэрбум мод тарихад 3 тэрбум шоо метр усны нөөц шаардлагатай.

Монгол орны жилийн дундаж хур тунадас 250 мм байдаг. Хангайн бүсэд 349, говь хээрийн бүсэд 47-200 мм хүртэл байна. Тиймээс Хангайн бүсийн ойжуулалтын тодорхой хэсгийг байгалийн хур борооны усалгаагаар шийдвэрлэх боломжтой нь харагдаж байна. Харин Говийн бүсэд зайлшгүй нэмэлт усалгааны шийдэл шаардлагатай.

Цаашид Өмнийн говийн бүсэд гадаргын усны Хэрлэн онги, Орхон онги төслийг хэрэгжүүлж, усны хангамжийг нэмэгдүүлэх боломжтой гэсэн урьдчилсан тооцооллыг гаргаад байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлсэнээр гарах гол үр дүнг тоймловол

  • Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 2030 онд нийт газар нутгийн 9 хувьд хүрнэ
  • Биологийн төрөл зүйлийн амьдрах орчин сайжчирч эко системийн тэнцвэрт байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ
  • Говь хээрийн бүсийн нэн хүчтэй цөлжсөн, хүчтэй цөлжилтөд нэрвэгдсэн газар нутгийн 4 хувийг нөхөн сэргээж, агро-ойжуулалт арга хэмжээг хөгжүүлсэнээр ажлын байр нэмэгдэж, иргэд, амьжиргааны тогтвортой эх үүсвэртэй болох, ядуурлыг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой.
  • Хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлж, ялгарлыг тэглэх дэлхийн зорилтыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

НҮБ-аас 2017 онд хийсэн судалгаагаар ойн салбарт оруулсан нэг төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсөвт 3 төгрөгийн, эдийн засагт 30 төгрөгийн эерэг нөлөө үзүүлдэг гэсэн тооцоог гаргасан. Иймд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ДНБ-ний 1 хувиас доошгүй хөрөнгийг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулснаар ирээдүйд үүсч болох өндөр эрсдлээс 5-10 дахин хямд өртгөөр сэргийлж чадах боломж байгааг Монгол хүн бүр цаг алдалгүй ухамсарлан ойлгож, яг өнөөдрөөс бодит ажлуудаа ханцуй шамлан эхлүүлэх хэрэгтэй байна.

Монгол хүн бүр үр хүүхэд, хойч ирээдүйдээ цэвэр агааг, цэнгэг ус, мөнх ногоон ой, үржил шимт хөрс, газар шороогоо өвчлүүлж үлдээхийн төлөө тэрбум, тэрбум мод тарьж эх дэлхийгээ тэтгэж, үр өгөөжийг нь өнө мөнхөд хүртэх ариун үйлсэд хамтын хүчээ нэгтгэхийг уриалж байна” гэлээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...